ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өр өвлүүлдэг атлаа тэтгэврийг яагаад үр хүүхдэд нь өвлүүлж болдоггүй юм бэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-24

-Татварын багц хууль гадны хөрөнгө оруулагчдыг илүү өөхшүүлжээ-

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны тавдугаар сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас хэлэлцэн дэмжсэн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг шинэчлэн батлах буюу “Татварын багц хууль”-ийг УИХ-д өргөн барьж байлаа. Бүтэн жилийн хугацаанд хэлэлцүүлгийн шатанд гацаад байсан уг багц хуулийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэж, өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар эцэслэн батлав. Монгол Улс 1992 онд анхлан татварын гол хуулиа баталж, 2006 онд шинэчлэл хийжээ.

Үүнээс хойш 13 жил хуульдаа өөрчлөлт оруулаагүй аж. Энэ хугацаанд хуулийн хийдэл, хоёрдмол утгатай агуулга, татвар төлөгч болон татварын албаны хоорондын маргаан үл ойлголцлыг арилгах үүднээс шинэчлэн найруулахаас өөр аргагүй болоод байсан юм. Мөн эдийн засаг тэлэхийн хэрээр татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд илүү уян хатан татварын бодлого үгүйлэгдэж байлаа. Тэр ч утгаараа Засгийн газар багц хуулийн шинэчлэлийг оруулж ирсэн нь ийнхүү батлагдав. Хуулийн төслийг хэлэлцэх явцад олон ч шүүмжлэл, маргаан мэтгэлцээн өрнөжээ. Нэг талаас татвар төлөгчдөд боломж олгосон мэт боловч нөгөө талаас татвараар иргэдээ “шулсан”, аж ахуйн нэгжүүдийг дарамталсан, тэгсэн атлаа гадны том аж ахуйн нэгж, компаниудад найр тавьсан заалт багц хуульд орж ирлээ гэх шүүмжлэл бас байна. Тиймдээ ч энэ удаагийн “Хууль мэндлэв” буландаа хуулийн төслийн сайн, муу талыг онцлохыг хүслээ.

САЙН: Татварын өр төлөх хугацааг сунгажээ 

Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуульд орсон гол өөрчлөлтүүдийн нэг нь энэ юм. Өмнөх хуулиар тухайн иргэн болон аж ахуйн нэгж татварын албаны өрөө барагдуулахгүй бол хоёр сараар хугацааг сунгаад л дансыг нь хаах, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоодог байсан.

Тэгвэл шинэ хууль батлагдсанаар энэхүү хугацааг 12 сар буюу нэг жил болгож сунгажээ. Хуулийн төсөлд анхлан 24 сар буюу хоёр жил гэж тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд нэг жил болгосон аж. Мөн эрсдэлтэй өр түрүүлж хураах, эрсдэл багатай бол хянаж шалгахаас зайлсхийх заалт орсноос гадна залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацааг хамаагүй гэж тусгасан байна. Ингэснээр Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр шалгана гэсэн үг. Үүнээс гадна жилийн борлуулалт нь 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа орлогоо тайлагнаж, нийт орлогын нэг хувиар л татвар төлөх боломж бүрдэж байна.

Мөн Улаанбаатар хотоос 500 км-т үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг татвараас 50 хувиар хөнгөлөх бол 1000 км алслагдсан бол 90 хувиар хөнгөлөх заалт оруулжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан гол өөрчлөлт нь “Х” тайлантай аж ахуйн нэгжүүдэд хамааралтай. Аж ахуйн нэгж болон ТББ-ууд орлого олдоггүй буюу “Х” тайлан өгөөд татвар төлдөггүй байсан бол шинэ хуулиар улиралд 60 мянга буюу жилд 240 мянган төгрөгийг татварт төлдөг болжээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон гол өөрчлөлт нь Орон сууцны татварын хөнгөлөлттэй холбоотой юм. Иргэн шинэ байр, байшин барьсан бол нэг удаа татварын хөнгөлөлтийг гурван сая хүртэл төгрөгөөр эдэлдэг байсан.

Тэгвэл энэ мөнгөн дүнг нэмэгдүүлж, зургаан сая болгожээ. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна илүү төлсөн татварыг буцаан олгодог болно гэсэн үг. Хувь хүний орлогын албан татвар нэг шатлалтай, 10 хувь байх аж. Мөн энэхүү хуульд хариуцлагын асуудлыг илүү тодорхой тусгасан бөгөөд татварын байцаагчийн буруутай үйлдлээс иргэн, аж ахуйн нэгж хохирсон нь тогтоогдвол тухайн байцаагчийн төрд ажиллах эрхийг 10 жилээр хасах юм байна. Зөрчлийн хуулиар татварын хариуцлага ногдуулж байсныг хасаж, зөвхөн Татварын ерөнхий хуулиар зохицуулдаг болсон гэх мэт давуу тал гарсан байна.

МУУ: Гадны хөрөнгө оруулагчдыг өөхшүүлсэн үү

Ийм шүүмжлэл шинэ хуулийг тойрсонгүй. Тодруулбал, шинэ хуульд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгох заалтууд багтсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд гэхэд л гадагшаа шилжүүлдэг орлогоос 20 хувийн татвар авч байсныг нь 15 хувь болгож бууруулах заалт оруулсан байх юм. Энэ бол яах аргагүй “толгойг нь илсэн” заалт. Мөн ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг тав болгож бууруулсан, банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгосон. Мөн гадны улсад буюу тухайн аж ахуйн нэгж нь бүртгэлтэй улсдаа татвар төлсөн бол түүнийг нь хасаж тооцох заалт оруулсан нь хамгийн их шүүмжлэл дагуулж байна. Англи улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан гэж бодъё.

Тэд тухайн улсдаа орлогын болон ногдол ашгийн татвараа төлчихсөн гэсэн бичиг баримт бүрдүүлчихсэн л бол Монгол Улсад тухайн татварыг төлөхгүй байх боломж шинэчилсэн хуулиар бүрдэв. Эдгээр хөнгөлөлтийг дотооддоо хөрөнгө оруулалт татах боломж хэмээн хууль боловсруулагчид тайлбарлаж байгаа ч дураар дургих, татвараас бултах нуугдах боломжийг улам бүр л дэврээж байгаа хэрэг.

Оюутолгой компани гэхэд л Монгол Улсад 20 гаруй тэрбум төгрөгийн татвараа төлөхөөс зайлсхийсээр, удалгүй ойлголцолд хүрсэн хэмээгээд нам дарж орхисон. Үүнээс гадна “татварын өрийг өвлүүлдэг болно”, “20 сая хүртэл төгрөгийн татварын өртэй бол хилээр гаргахгүй” гэсэн заалтууд шүүмжлэлийн бай болж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ шүүмжлэлд тайлбар өгөхдөө “Татварын өрийг өвлүүлдэг заалт өмнө нь байсан. Иргэний хуульд эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, өвлүүлэх үед татварын өртэй байвал тухайн өр нь мөн хамт шилждэг гэх заалт бий. Тэр заалт л хэвээрээ орж ирж байгаа. 20 сая төгрөгийн татварын өртэй бол хилээр гарахгүй гэдэг заалт бол гадны иргэдэд л хамаатай. Монгол Улсын иргэнд хамаагүй” гэсэн тайлбар өгчээ.

Гэвч татварын өрийг өвлүүлдэг байх энэ заалт яагаад иргэнээ дээдэлсэн, аж ахуйн нэгждээ боломж олгосон гэх шинэ хуульд нь ороод ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлаж чадсангүй. Нэг иргэний татварын өр нөгөөд нь өвлөгддөг юм бол нас барсан ээж, аавынх нь тэтгэврийг ч гэсэн өвлүүлдэг болъё гэх уриалга соошл орчинд хүчээ авч байна. Энэ бол дэмжих ёстой сэдэв. Насаараа нийгмийн даатгалд мөнгө төлчихөөд тэтгэвэрт ч гарч чадахгүй, эсвэл гараад ганц, хоёр жил болоод л насан эцэслэдэг тохиолдол манайд олон бий. Гэтэл тухайн иргэний тэтгэврийг үр хүүхэд, үлдэж хоцорсон ханьд нь өгдөггүй.

Тэр ч байтугай нас барсан ээж, аавынхаа тэтгэврийн зээлийг жил гаруйн хугацаанд төлж байгаа тохиолдол ч байх юм. Банк, иргэн хоёрын хариуцлагын асуудлыг улстөржүүлэх нь утгагүй ч өр өвлүүлж болдог юм бол тэтгэврийг нь яагаад өвлүүлж болдоггүй хэрэг вэ. Үүнийг л Сангийн сайдаас асуумаар байна. Багц хуульд мөн аж ахуйн нэгжүүдийн татварын төлөх хувийг 25 хувиар тогтоосон нь шүүмжлэл дагууллаа. Харин Сангийн сайд үүнд хариулт өгөхдөө “Гурван тэрбум төгрөгийн орлоготой байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлж, 25 хувиар татвар ногдуулсан. Аж ахуйн нэгжүүддээ харин ч бизнесээ өргөжүүлэх, тэлэх боломж олгосон” гэж тайлбарлаж байх юм. Гэвч бизнес эрхлэгчдээ дэмжсэн бол орлогынх нь мөнгөн дүнг нэмэгдүүлсэн ч төлөх татварынх нь хувийг бууруулж болох л байсан юм, Сангийн сайд аа. Яг л гадны хөрөнгө оруулагчдаа тултал нь дэмжсэн шиг ээ.