ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой гэж үзжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. МАН-ын бүлэг өнөөдөр гурван асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал,  С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгаж, ялласан хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсчээ. Улмаар эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой гэж үзсэн аж.

Түүнээс гадна  УИХ-аас эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах, ҮАБЗ-өөр хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлаар зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчөөс өргөн барьсантай холбоотойгоор асуудлыг хэлэлцсэн байна. Яг одоогийн үүссэн эрүүдэн шүүх асуудлыг УИХ яаралтай шийдэх ёстой хэмээн прокурорын орлогчийг томилох асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Мөн  АТГ-ын дарга, дэд даргын томилгоог мөн хойшлуулжээ. Учир нь АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн, С.Зориг агсны хэргийн асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага байгаа учраас хэлэлцэхээс хойшлуулахаар болжээ.