ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Нарантуяа: Мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнтэй зүйл олон бий

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-26

Энэ удаагийн зочноор “Sunshine Crafty art” студийг үүсгэн байгуулагч Найдансүрэнгийн Нарантуяа хэмээх хөдөлмөрч бүсгүйг урилаа. 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Найдансүрэнгийн Нарантуяа гэдэг. Эдийн засагч, математикч мэргэжилтэй. Энэ студийг үүсгэн байгуулагч, гар урлаач.

-Студи байгуулах санаа сэдэл яаж төрсөн бэ?

-Би оюутан байж байгаад л ээжийн албанд “томилогдсон”. Дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж гэртээ 16 жил “суусан” байна. Энэ хугацаанд гар урлалд шимтэн өөрөө ч их суралцлаа. Нэхмэл, хатгамал, оёдол, зүймэл урлал гээд бүсгүй хүн сурч болох бүхнийг сурахыг хичээж түүндээ шимтсэн. Хийсэн зүйлээ найз нөхөд ах дүү хамаатан садан, гэр  бүлдээ зориулдаг байв. Гэхдээ ихэнхдээ л гав ганцаараа энэ урлалыг хийнэ. Найз нөхдөө үгүйлнэ. Над шиг олон залуу эмэгтэйчүүд энэ зүйлийг мэдэрсэн байж таарна. Ээж болоод гэртээ хүүхдээ асарч буй эмэгтэйчүүд, ажил төрөлд хамрагддаггүй ч гэртээ гар урлал хийгээд сууж буй энэ олон бүсгүйчүүдэд өчүүхэн ч болов туслахсан, өөрийн мэддэг чаддагаа тэдэнд зааж өгөхсөн, тэднээсээ суралцахсан гэх мэт олон, олон “захиалга” байсан учраас ийм клуб байгуулах нь зүйтэй юм байна гэж бодсон. Энэ бодлоос үүдэлтэй л студийг байгуулсан даа.  

-Гар урлал хийх нь хүнд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Их олон талын ач холбогдолтой. Хувь хүнийхээ хувьд ч өөрийгөө таних, шинээр нээх гээд олон боломжийг олгодог. Хийж буй үеийн мэдрэмж, бүтээл бэлэн болсны дараах мэдрэмж, хийж урласан минь хэн нэгэнд таалагдаад худалдан авах мэдрэмж, өөрийн хийсэн хөдөлмөрийн үр шимийг үзээд түүнийгээ борлуулсан мөнгөө гэр бүлдээ, үр хүүхэддээ зориулах мэдрэмж гээд хүн өөрөө л мэдэрч чадаж гэмээн маш сайхан мэдрэмжүүдийг авна шүү дээ.  

-Оргүй хоосноос эхлээгүй гэдэг нь тодорхой. Студийн суурь анх яаж тавигдав?

-Анх би өөрийн найз н.Аззаяатайгаа хамтарч байрны нэг подвалд бяцхан урлан нээж байлаа. Байрны түрээсийн төлбөр нь 300 мянган төгрөг. Хоёулаа 150, 150-иар нь гаргаад түрээсээ төлнө. Найз маань одоо өөрийн гэсэн брэндийг бий болгон амжилттай ажиллаж явна. Анхны бараагаа 140 ам.доллароор Нарантуул захаас татаж байсан. Тэр бараа маань гар урлалын материалууд, багаж, жижиг чимэглэлийн зүйл гэх зэрэг зүйлс байсан. Татаж авчирсан бараандаа маш бага хувь нэмээд л зардаг байлаа. Хамгийн гол нь өөрийнхөө мэдэх чадахыг бусдад зааж, бас бусад уран бүсгүйчүүдээс суралцаж л энэ студийнхээ суурийг тавьсан гэж ойлгож болно.

-Тэр жижиг  урлангаас эхлээд өнөөдрийн энэ студи хүртэл олон зүйл хувьсан өөрчлөгдсөн байна. Одоогийн энэ үйл ажиллагаа явуулж буй байрыг та хувьдаа худалдан авч байгаа гэж сонслоо. Энэ талаараа хуучлаач?

-Аливаа зүйлийг бага гэж хэрхэвч бодож болохгүй. Байрны подвалаас гараад “PEACE MALL” худалдааны төвд жижиг лангуу түрээслэсэн. Дараа нь нэг лангуугаа хоёр болгон ажиллуулж үзсэн. Бараа борлуулах лангуунаас ажлын байр арай өөр л дөө. Над дээр хүмүүс олноороо ирж төрөл бүрийн, миний л мэдэх урлалуудыг заалгадаг байсан. Урлаж бүтээх сурах эрмэлзлэл дүүрэн тэдгээр бүсгүйчүүд шиг олон бүсгүйчүүдэд туслахын тулд нэг жижиг лангууны ард биш арай томхон шиг тав тухтай газар хэрэгтэй юм гэж бодсоны үндсэн дээр лангуугаа томруулж энэ студийг жинхэнэ  утгаар нь бий болгож байна. Байраа нэлээд олон жилийн хугацаатай банкны лизингээр бага биш мөнгөөр худалдаж авч байна. 

-Байр худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг хэдхэн жилд босгочихлоо гэж үү?

-Яалаа гэж. Гэхдээ мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнтэй зүйл олон буйн нэг нь хүсэл мөрөөдөл, итгэл найдвар юм гэж ойлгодог. Анх таван жилийн өмнө л өөрийн жижиг бизнесийг эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш өдөр бүр хуримтлалыг бага багаар ч болов бий болгож байсан. Анх өдрийн орлого минь 1000 төгрөг ч байсан хамаагүй “Миний ажлын хөлс” гэх зэргээр гүйлгээнийхээ утга дээр бичиж заавал банкинд хадгалдаг байсан. Эргээд бодоход 48000 төгрөг миний хамгийн дээд орлого байжээ. Хоёр, гурав, тав, арав гээд өдөр бүр данс руугаа гүйлгээ хийдэг байсан. Нэг ёсондоо хуримтлал юм. Энэ нь миний тасралтгүй үйл ажиллагаа явуулж буйг банкинд харуулдаг нэг ёсны үзүүлэлт юм билээ. Хэдийгээр бөөнд нь гаргаад байр сав авах  мөнгөгүй ч байнгын тасралтгүй үйл ажиллагаатайг батлах тэр үзүүлэлт намайг бага багаар зээл авах боломжийг бүрдүүлсэн. Нэг удаа багахан зээл авна. Түүнийгээ графикийн дагуу цаг тухайд нь төлж дуусаад дараа нь арай ахиу зээл авна. Энэ мэтчилэн хувь хүн өөрөө санаачилгатай, хөдөлмөрч байх юм бол олон боломж бидний өмнө нээлттэй байдгийг мэдсэн. Энэ бүхэнд бас өөр олон зүйл нөлөөлнө л дөө. Аливаад хандах хандлага, тууштай байдал, хүмүүсээс олж авах   эерэг хандлага, зөв мэдээлэл, ажлын зохион байгуулалт гээд олон  зүйл нөлөөлнө. Дээр нь ойр дотныхны тусламж дэмжлэг их чухал. Ямартаа ч энэ байрыг авлаа. Хугацаандаа зээлээ төлснөөр нэг л өдөр энэ байр жинхэнэ утгаараа миний, манай гэр бүлийн өмч болно доо. Хувь хүн хичээл зүтгэлтэй, хийж буй зүйлдээ чигч байх юм бол өрхийн аж ахуйг дэмжих төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг болжээ. 

-Танай студи чинь гар урлалын томоохон дэлгүүр шиг л харагдаж байна. Ийш тийш материал хайж явна гэхгүй танай суралцагчдад илүү дөхөм санагдлаа?

-Үндсэн зорилго бараг л тэр. Ийм зүйлийг ийм материалаар ингээд хийдэг юм гээд бодитоор үзүүлээд хүмүүс өөрт таалагдсан материалаа газар дээрээс нь арай хямд үнээр аваад багш нараар заалгаад шууд газар дээрээ заалгаад л сураад явчихна.  

-Ямар, ямар чиглэлээр сургалт явуулж байна вэ?

-Манайд төлбөртэй төлбөргүй олон төрлийн сургалт явагддаг юм шүү дээ. Дан ганц гар урлал, нэхмэл хатгамал, оёдол, зүймэл даавууны гэхгүй хэлний сургалт явагддаг. Бямба гарагт өглөө бүр үнэ төлбөргүй англи хэлний сургалт явагдах жишээтэй. Манай студи сайн дурын багш, сургагч нар ажилладаг. Энэ нь нэг талдаа өнөө л бүсгүйчүүд, хувь хүнийг дэмжих тал руугаа чиглэж байгаа гэж ойлгож болно. Гадны орнуудад эмэгтэйчүүдэд зориулсан манай студи шиг клубууд бараг хороо болгонд байдаг юм билээ. Өөр  дээрээ үүсч байсан тэр нөхцөл байдлаас үүдэлтэйгээр л энэ клубыг ажиллуулж байгаа гэж ойлгодог. Манай клуб дээр элчин сайдын эзэгтэй нар хүртэл ирж сурсан мэдсэнээ бие биедээ зааж сургадаг. Сургалтад хэн ч ирэх боломжтой.Энд интернет байна. За тэгээд хөнгөн зуушаа барьж ирээд усаа буцалгаж уугаад  өдөржин суусан ч болно шүү дээ. “Манайд ирээрэй” гэдэг нэг дуу байдаг байх аа. Түүн шиг танай сонинг уншигч мянга мянган бүсгүйчүүдийг, бас үйлэнд дуртай эрчүүдээ ч гэсэн “манайд ирээрэй” гэж урьчихъя. 

-Өөрийг тань “Аливаа зүйлийг сайн хийж сураагүй байж зарах тухай ярих юм бол зааж өгөхгүй” гэдэг гэсэн. Тэр хэр үнэний ортой вэ?

-Тэр нь ч юу юм бэ. Гэхдээ зарим хүмүүс сурч эхлээгүй байхдаа л зарна, ашиг орлого олно. Яавал ашиг олох вэ гэсэн хүмүүс цөөнгүй ирдэг. Нийгэм нь ч тийм болсон юм уу даа. Гэхдээ мөнгөөр хэмжигдэхгүй зүйл олон бий гэж хэлсэн шүү дээ. Сайн сайхан, бүр бүтээлийн хэмжээнд юмаа хийж чадах юм бол аяндаа л танд ашиг орлого бий болно гэж боддог. Эдийн засагчид хэлдэг юм “Миний энэ хийж буй бизнес бол талх, мах, хүнс шиг тийм хурдан ашиг олох бизнес биш” гэдэг. Гэхдээ олон олон эмэгтэйчүүд хоббигоо ажил болгож, дуртай зүйлдээ анхаарлаа хандуулж, хоорондоо нөхөрлөж, сурч боловсорч гэмээн манай клубын, “Монголд хайртай хүмүүс”- ийн  туйлын зорилго юм даа. 

-Таныг англи хэл сурч байгаа гэж сонслоо. Энэ их ажлын хаагуур нь ингэж амжуулж байна вэ?

-Англи хэл үзэж эхлээд хоёр жил болж байна. Би харьцангуй залуу хүн. Тиймэээс сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүн ер нь дуртай зүйлдээ цаг заваа зарцуулахад тийм тооцоо гаргах уу. Өөрийн эрхгүй өдөрт 2-3 цаг хичээлээ давтанаэ. Студийн ажлыг явуулна. Үүнд маань төрөл бүрийн сургалтууд зохион байгуулах, үйл ураа хийнэ, бас хүмүүнлэгийн ажилд оролцоно. Би чинь гурван охин ганц хүүтэй. Тэдэндээ, гэр бүлдээ цаг гаргана. Хэдий эргээд харахад овоо зүйл амжуулсан байдаг ч цаг хэрхэн өнгөрснийг мэддэггүй. Ер нь хоногт дөрөвхөн цаг л унтдаг. Гэлээ гээд нэг их ядарч сульдаад сүйд болсон юм алга. Сурчихдаг юм шиг байна.