ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүднээс далд соёлтой байх боломжийг бүрдүүлээрэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-27

Таны өдөр бүр уншдаг, хардаг үг гэвэл магадгүй “Соёлт хүний үйлдэл нүднээс далд ч зөв” байдаг гэсэн үг байх. Үйлчилгээний байгууллагын бие засах газарт хадаастай байдаг энэ үгийг уншсан хүн бүхэн л соёлтой байх гэж хичээдэг. Бас дараагийн үйлчлүүлэгчдээ эвгүй сэтгэгдэл үлдээхгүй гэж нямбай ханддаг соёлд хэвшсэн. Цөөхөн хэдхэнийг эс тооцвол монголчууд үйлчилгээний газраар үйлчлүүлээд сурчихжээ. Гэвч үйлчлүүлэгчээсээ соёл нэхэж буй эдгээр газрууд өөрсдөө хэр соёлтой юм бэ. Тэд ресторан, бар, кофе шопыг нь зориод ирж байгаа үйлчлүүлэгчээ хүндэтгэдэг юм уу гэдэг яах аргагүй ярих ёстой сэдэв. Тэд биднээс соёл шаардаж байгаа бол өөрсдөө ч соёлтой л байх ёстой.

Бие засах үед ашиглах хамгийн наад захын бүтээгдэхүүн бол нойлын цас, суултуур дээр тавьдаг нэг удаагийн цаасан хэрэглэл, гар угаах, гараа арчих цаас. Гадны улс орнууд шиг халдваргүйжүүлэгч, үнэртэн тэргүүтэн тавих ёстой гэж шаардахгүй ч хүнд, хөнгөнөөр бие засаад гарсан эр, эм үйлчлүүлэгч бүхэн нойлын цаас хэрэглэж, гараа угаах нь наад захын л соёл юм шүү дээ. Гэтэл иймхэн зүйлээ шийдээгүй атлаа биднээс соёл нэхэж, нүднээс маань далд ч соёлтой бай хэмээн шаардах нь учир дутагдалтай байгаа юм. Үйлчлүүлэгчийн хичээл зүтгэл илхэн харагдах цэвэрхэн нойлд орсон ямар ч хүн суултуур дээр гарч суугаад, эсвэл нойлын цаасыг нь замбараагүй хэрэглэхгүй.

Ийм сэтгэхүйтэй нь цөөхөн болсон. Бас гар угаах саван “туугаад” гардаг болтлоо арчаагүй болчихсон гэж бодохгүй байна. Тиймээс барилга болгонд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд минь нүднээс далд ч соёлтой байх боломжийг нь эхлээд бүрдүүлээрэй гэж уриалж байна. Хоолны амт чанараас илүү орчны тохилог байдал, үйлчлүүлэгчээ хүндэлж буй харилцаанд нь татагдаж маш олон хүн нэг л газраар үйлчлүүлэх дуртай болдог нь худлаа биш. Яг л тэдэн шиг үйлчүүлэгчээ татахыг хүсч байгаа бол гоё ганган сурталчилгаанаас илүү энгийн зүйлсдээ л сэтгэл гаргаарай.