Улаанбаатар хотын замаар зүсэн зүйлийн том жийп машинтай жолооч нар давхилдаж байгаа. Монголчууд жилээс жилд баяжиж, унах машин нь улам л том болсоор. 100, 200, цаашлаад 500 сая төгрөг, бүр тэрбумаар үнэлэгдэх хамгийн тансаг, хүчтэй, өнгө үзэмжтэй, дэлхийд алдартай машиныг монголчууд унаж байна. Сайхан хэрэг. Нэг ч болов монгол хүний амьдрал дээшилж, санаа зовохооргүй амьдарч, сайхан машин унаж байвал боллоо. Гэхдээ залуус аа, ах нар аа, эгч нар минь, унасан машин шигээ үнэ цэнтэй, соёлтой, боловсон амьдраач. Нэг үеэ бодвол манай залуус соёлтой, боловсон болсон. Цонхоороо хог хаядаг хүн өдрөөс өдөрт цөөрч байна.
Хог хаясан нэгэндээ шаардлага тавьж, шаарддаг болж. Дүрэм зөрчих нь багасч, харин ч нэгэндээ зам тавьж өгөөд, талархаж сурч байгаа. Харин үнэтэй, том жийп унасан хүмүүс л хэнэг ч үгүй цонхоороо хогоо хаяж, нусаа нийгээд л. Би л нэг том машинтай гэсэн шиг бусад жолооч нарт төвөг удаж, шахаж, дайрч, дээрэлхдэг. Үнэтэй машинтай хүмүүс хамгийн их дуут дохио өгч, дүрэм зөрчиж, шаардлага тавьсан нэгнийг элдвээр хэлж, харааж зүхэж байна. Том, үнэтэй, ганган машин унахаар замын хөдөлгөөний бүх дүрмийг зөрчиж, хогоо хаа хамаагүй шидэж, бусдыг хараах эрхтэй гэж аль ч хуулинд заагаагүй.
Уг нь юм үзэж, нүд тайлсан, гадаах нь гэртээ, гэр дэх нь гэдсэндээ орсон хүмүүс илүү соёлтой байх ёстой биз дээ. Тэгээд дүрэм зөрчиж, хог шидэж байгаа хүмүүст шаардлага тавиад, өөрсдөө цэмбийгээд, намбайгаад, дүрмээ баримтлаад явбал харин ч үлгэр дуурайлал болох ёстой. Та нар соёлтой, боловсон байж, хотын соёлыг түгээх байлтай. Тиймээс үнэтэй машин унасан жолооч нар аа, үнэ цэнтэй амьдар, соёлыг түгээ, соён гэгээрүүл бусдыг. Нийгмийн сайн сайхныг эд хөрөнгө, эрх мэдэлтэй, эрдэм боловсролтой хүмүүс илүүтэй цогцлоодог юм шүү.