ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Удирдагчдын нууц

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-21

Манай улсын удирдагчид маш нууц бодлого боловсруулж, сонирхолтой аргаар гэмт хэрэгтэй тэмцэж байгааг саяхан олж мэдлээ.  Монгол Улс 50, 60 сая малтай. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Байгалийн баялгаараа дэлхийд гайхагддаг. Хоёрхон том орд ухахад л ард иргэдээ баян амьдруулах боломжтой. 

Гэтэл 3.2 саяхан иргэний нь ихэнх нь ядуу амьдарч байна гээд л шогшроод байсан. Энэ чинь цаанаа нарийн учиртай байж. Манай төр засгийнхан, үе үеийн удирдлагууд, сайд, дарга нар хулгайн гэмт хэрэгтэй өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн нууц арга нь энэ байжээ. Тэр дундаа халаасны хулгай. Халаасны хулгайн гэмт хэрэг сүүлийн үед 50 хувь буурсан нь иргэдийн халаасан дахь мөнгө төдий хэмжээгээр буурсантай холбоотой юм байна.

Тэгэхээр манай дарга нарын халаасны хулгайтай хийж байгаа тэмцэл маш их үр дүнд хүрч буйн илрэл энэ. Одоо ухаалаг гар утасны хулгай нэмэгдэх боллоо. Утасны хулгайтай тэмцэхийн тулд манай удирдагчид нууц арга хэрэглэж эхэлсэн. Тэр нь ухаалаг утас худалдаж авах боломжтой хүмүүсийн тоог 50 хувь бууруулах. Тэгвэл ухаалаг утасны хулгай 50 хувь бууруулна. Энэ мэтээр бүхий л гэмт хэрэгтэй тэмцэж болохоор байгаа юм.

Орон байрны хулгай, тэр дундаа зуслангийн байшин ухах хэрэг ч буурах янзгүй байна гэсэн мэдээлэл гарах болов. Удирдагчид зуслангийн байшин барих чадалтай хүмүүсийн тоог ч 50 хувиар бууруулах хэрэгтэй. Тэгвэл орон байрны хулгайн гэмт хэрэг дагаад буурна.  Цагдаа нар ч өөр зүйлд цаг заваа зарцуулах боломжтой болно.  Манай удирдагчдын нууц бодлого хэн ч хулгайд алдах юмгүй болтол үргэлжилж ч магадгүй.  Хамгийн гол нь гэмт хэрэг л буурч байвал хамаа алга.