ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Халамжаа багасга, тэтгэврээ нэм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-22

Өнгөрөгч долоо хоногт болсон Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр Нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд хуралдаанд оролцож, ахмадуудын нийгмийн халамж болон одонтой эхчүүдийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Одонтой эхчүүдэд жилд олгож буй 30 тэрбум төгрөг төсөвт тодорхой хэмжээний ачаалал учруулдаг. Гэхдээ хүндээ илүү ойртуулах байдлаар зохион байгуулах талаар яамны зүгээс судалж байгаа. Өөрөөр хэлбэл, одонтой эхчүүдэд нэг удаад 100 мянган төгрөг өгөх нь учир дутагдалтай. Эсрэгээрээ хүүхдийнх нь тоогоор мөнгө олгодог байдлаар явах нь илүү зохимжтой. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй алдарт эх жилдээ хүүхдийнхээ тооноос хамаарч мөнгөн урамшуулал авдаг. Харин хүүхэд нь 18 нас хүрч, хүүхдийн тооноос хасагдахад мөнгийг нь багасгах байдлаар төрийн бодлого хэрэгжвэл илүү үр дүнтэй болно. 

Хамгийн бага хүүхэд нь 40 гарчихсан байхад ч одонгийн мөнгө гэж жилдээ 100 мянган төгрөг өгч байгаа нь учир дутагдалтай. Ахмад настай одонтой ээжүүдэд тусгайлсан нийгмийн халамж үзүүлэх байдлаар явчихвал үр дүнтэй юм” хэмээн ярьжээ. Гэтэл үүнийг нь олон ний­тийн сүлжээгээр мушгиж, одонтой эхчүүдээсээ 100, 200 мянган төгрөг харамлалаа, өөрөө эхээс төрөөгүй юу хэмээн Төрийн нарийн бичгийн дарга залууг баахан шүүмжлэв. Нэг талаасаа харвал Г.Өнөрбаярын яриад байгаа хувилбар тун ч оновчтой байж мэднэ. Тухайлбал, зургаан хүүхэдтэй нэгдүгээр одонтой ээж, 14 хүүхэдтэй ээж адилхан жилд 200 мянган төгрөг төрөөс авдаг. Тэгвэл ХНХ-ын яамнаас гаргаж буй саналаар нэг хүүхдэд 50 мянган төгрөг гэж тооцвол 14 хүүхэдтэй одонтой ээж жилдээ 700 мянган төгрөг авах юм.

Энэ нь хүн амаа дэмжих, олон хүүхдийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн боломжтой хувилбар. 14 хүүхэд нь бүгд ажил хийх, хөдөлмөрлөх насанд хүрсний дараа ахмад настай ээжүүдээ илүү бодитойгоор буюу тэтгэврийг нь нэмэгдүүлэх байдлаар төрийн бодлого хэрэгжвэл илүү үр дүнтэй болно. Хэлэлцүүлгийн үеэр төрөөс 14 төрлийн халамж үйлчилгээ авдаг ахмад настан байгаа талаар салбар яамны мэргэжилтнүүд онцолж байлаа. Тооцоод үзвэл энэ тоо худлаа биш л дээ. Ахмад настнууд төрөөс олон төрлийн халамж авдаг. Тухайлбал, өндөр насны тэтгэвэр, автобусны хөнгөлөлт, нэг удаа шүдээ үнэгүй үзүүлэх, хийлгэх, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах, амьжиргааны түвшин доогуур бол хүнсний талон, хөгжлийн бэрхшээлтэй бол группын мөнгө, түлээ, нүүрсний хөнгөлөлт, үүнээс гадна гавьяатаас дээш улсын цолтой бол сардаа багахан мөнгө авчихна. Одонтой эхчүүдийн мөнгө, насны хишиг гэх мэтээр төрийн үзүүлж буй бүх халамжаас ямар нэг байдлаар мөнгө авдаг гэсэн үг. 

Гэвч энэ мөнгө нь дэндүү чамлалттай. 14 төрлийн халамж үйлчилгээг жилийн 12 сард хуваагаад үзэхээр сард 20-30 мянган төгрөгийн л халамж авдаг гэсэн үг. Жилдээ 2-3 сая төгрөгийн халамж үйлчилгээ авч байснаас тэтгэврийг нь хангалттай нэмчихвэл шүдээ өөрсдөө үзүүлж, гурил будаагаа авч, цаашлаад амралт сувилалд ч хэвтээд эмчлүүлчихнэ. Хамгийн багадаа 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол автобусны хөнгөлөлтийн араас хамаг ажлаа барж, эсвэл жилдээ нэг өгдөг насны хишиг, одонгийн мөнгө гэсэн 100 мянган төгрөгийн банкинд очерлож, хамаг уураа барахгүй болов уу. Ахмадууд амралт сувилалд жилд нэг удаа хэвтэх ёстой гэдэг ч үүнийг эдэлдэг хүмүүс нь цөөхөн. Тэгээд ч мөнгөн дүн нь нөгөөх л 100-200 мянган төгрөг. Энэ мэтээр төр нь ахмадаа халамжилж байгаа нэрээр “гурилдаж”, ахмадууд нь халамжлуулж байгаа нэртэй ад үзэгддэг бодлого цаашдаа олон жил үргэлжлэхгүй. Гадны улс оронд насаараа ажил хөдөлмөр эрхэлсэн иргэд цалингаасаа тэтгэврийн санд асар их мөнгө хадгалуулдаг. Улмаар тэтгэвэрт гарсны дараа мөнгөө авч хүссэн газартаа аялж зугаалж, үлдсэн мөнгөө үр хүүхэддээ өвлүүлдэг тогтолцоотой. Гэтэл Монгол Улсад төрийн гажуудлаас үүдэж, насаараа төлсөн нийгмийн даатгалын хувиа ч тэтгэвэр болгон ч авч чадахгүй хорвоог орхиж байна. Үр хүүхдэд нь өвлүүлэх бодлого байхгүй бөгөөд нас барсан иргэнийхээ мөнгийг төр нь завшаад өнгөрдөг.

60 насандаа хорвоог орхисон иргэнийг амьд мэтээр бичиг баримтыг нь үйлдэж, тэтгэврийг нь авсан гутамшигтай хэрэг гарч байлаа. Бүр бүлэглэж энэ хэргийг үйлдсэн бөгөөд 5000 гаруй зөрчил гарч байсныг уншигч та санаж буй биз. Хуулийн цоорхой, төрийн буруу бодлого ингэж л хор учруулдаг аж. Уул нь тэтгэврийн даатгалын сан гэг­чийг манайх байгуулсан ч тэр нь “Капитал” банкны дампуурлаас болж, сандаа 10 төгрөг ч байхгүй үлд­жээ. С.Чинзориг сайдын хэлс­нээр 104 тэрбум төгрөг дам­пуу­рал­тай хамт салхинд хийсэв. Хэзээ “Капитал” банк үндсэн хөрөнгөө бор­луулж, хэрхэн эргүүлж төлө­хийг хэн ч хэлж мэдэхгүй бай­гаа юм. Энэ мэтээр төрийн бод­лого хүнээ биш зөвхөн олон нийтэд таалагдах гэсэн популист амлалтуудад аргамжигдаж, ард түмэнд тус биш ус болох болов. Нэг нам нь сонгуульд ялахын тулд болсон болоогүй халамж амладаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд судалгаа тооцоогүй баахан журам гаргадаг. Халамж гэдэг ч аяга сүү ч авч чадахгүй мөнгөөр амыг нь таглаж, түүнийгээ ард түмнээ халамжилсан, асарсан төрийн бод­лого мэтээр сурталчилж байх юм.