Саяхан “Та Монголдоо үлдэх үү, явах уу” гэдэг судалгаагаар санал өгсөн иргэдийн 70-аад хувь нь “явмаар байна” гэж хариулжээ. Багцаагаар нэг сая хүн л Монголд үлдэх бололтой дог оо. Өөрсдөө болохоор явахын түүс, бусдыг болохоор явуулахгүйн тулд элдэвлэж гэнэ. Өнгөрөгч долоо хоногт Хакүхо М.Даваажаргал Монголын иргэншлээс гарах өргөдлөө номер нэгт өгсөн гэсэн ярианаас үүдэлтэйгээр явуулна, явуулахгүй гэдгээ янз бүрийн хачиртайгаар хэдэн өдөр ярьж, талцлаа. Дотогшоо өмөөрч зангирлаа. Тэгэхдээ бодлоо л доо. Асуудлыг маш амархан шийдэж болно. Японд сүмогийн дэвжээ өвлөж авахын тулд харь нутаг руу тэмүүлж байгаа түүнд “Энэ Монголдоо үлд, бид явлаа.
Эх орондоо эзэн нь болоод үлдэнэ үү, байна уу, өөрөө мэд” гэж захиа бичиж бүх нийтээрээ жагсаал хийж, уриа лоозон барьж, Японы Засгийн газрын “чихэнд хүртэл” тэмцье. Улстөржиж, попорч чадахгүйн зовлон бидэнд байхгүй. Тэгж харин ч нэг чадна. Ялангуяа “шанагынхан” энэ тэмцлийг эхлүүлж, уухайлуулбаас болохгүй гэх газаргүй. Монгол залуус Африкт ч болтугай очъё, цөлд нь ч болтугай гүрвэл болъё гэж зүтгээд байна. Хүний л эрх. Нэгэнт л баян болж төрөөгүй, луйварчин хулгайч болж чадахгүйгээс хойш яая гэх вэ. Халаас хоосон, ядуус нь энэ Монголоос явж л байя, харамсах юм алга.
Хөмөрсөн тогооноосоо гарч л байвал Африкийн цөлд балга усны төлөө буу мөрлөөд дайтаад гүйнэ үү, хойдод очоод их удирдагчийнхаа хөргийг тэврээд уйлна уу, цунамигийн голомтод загасчлаад амьдарна уу, хамаа алга. Энд чин үнэнчээр хөдөлмөрлөж амьдрах гэж зовох, төрийн түшээддээ доромжлуулж сууснаас л хамаагүй дээр. Харин Хакүхо минь хүний нутгийн сайхныг мэдэрчихээд тийшээ зүтгэж байгаа чинь зэвүүн байна. Ганц муу сүмогийн дэвжээний эзэн болохын тулд ийм шийдвэр гаргаж байхаар биднийг явсан хойгуур Монголдоо ирж хаан бол. Агаар цэвэр, ус нь тунгалаг, байгаль нь үзэсгэлэнтэй, хөрсөн дор нь эрдэнэ арвин ийм л нутагт эзэн нь болж үлд, бид явлаа.