ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Түмэн-Өлзий: Хайр хэзээд хуучрахгүй бас дуусахгүй

O.Admin
2018-04-30

МУСТА дуучин А.Түмэн-Өлзийг энэ удаагийн “Сондгой өнцөг” буланд урьж, ярилцлаа.

-Та урлагийн хүн. Тиймээс үзэсгэлэн гоо, сайхан гэх үгийн утга учрыг хэрхэн ойлгож явдаг вэ?

-Эмэгтэй хүн гаднах байдлаасаа сайхан харагдахаас илүүтэй дотооддоо гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэж ойлгодог юм. Эмэгтэй хүн, эх хүн учраас миний бодол бүхэн биеллээ олдог гэж боддог. Тиймээс дандаа сайн сайхан, эерэг, зөв, бусдад чин сэтгэлээсээ хайр, энэрэл, тусламжийг түгээхийг хичээж явна. Тэгэхээр эмэгтэйчүүд дотроосоо гэрэлтэж байж, гаднаа сайхан харагдана. Гадаад гоо үзэмжээс илүү дотор хүн маань илүү сайхан, гоо үзэмжтэй байх ёстой.

-Дотоод зүйлийн илэрхийлэл далд байдаг. Тиймээс хүний нүдэнд харагдах, гарт баригдах зүйлээр илүүтэй илэрхийлэгдээд байх юм?

-Тийм ээ. Энэ бүхнийг үгээрээ үйлдлээрээ, харуулж, баталж байхыг хүсдэг.

-Үзэсгэлэн гоо байх гэдэг ойлголтыг их өөрөөр ойлгодог юм байна?

-Энэ бол хүний суурь хүмүүжил. Миний аав, ээж хүүхэд байхаас л хүнд тустай яваарай, өглөгийн гараа сунгаж бай. Хүн чамд хэчнээн муу хандсан ч тэр хүндээ үргэлжид сайн сайхныг хүсч яваарай. Ингэж чадвал чамд хандсан муу муухай бүхэн нь сарниж алга болно гэж захидаг байсан. Аав, ээжээсээ сонсч өссөн сургааль, баримталдаг зарчмаас энэ бүхнийг олж авсан гэж боддог. Тиймээс энэ бол хүмүүжил юм байна. Хүний хүмүүжил гэдэг хамгийн чухал. Ямар хувь хүн болж төлөвших вэ гэдэг нь хүмүүжилтэй л холбоотой.

-Өнөөгийн залуус гоо үзэсгэлэн гэдгийг арай л өөрөөр ойлгоод байх шиг санагддаг. Танд тэгж ажиглагддаг уу?

-Зөвхөн хувь хүн талаасаа бус гаднаасаа гоё байх, гял цал харагдах гэж хичээж байгаа залуус байдаг. Мэдээж бүсгүй хүн бүхэн гадаад гоо сайхандаа анхаарах ёстой. Сайхан харагдах хэрэгтэй. Сайхан харагдсанаар хүнд гоё энерги түгээж байна гэсэн үг. Тиймээс аль алинд нь л анхаарах ёстой. Гэхдээ хамгийн түрүүнд сэтгэлийн гоо сайхантай байх нь чухал. Өөрийгөө сонсдог, бусдад зөвөөр илэрхийлж чаддаг, өөртэйгөө ярилцдаг байх ёстой. Тэгж байж дараа нь гаднах гоо үзэсгэлэндээ анхаарах нь зөв. Гадаад гоо үзэсгэлэндээ анхаарах бол асуудал биш. Дотроо гэрэлтэж байгаа хүн гаднаасаа гоё харагдаж чаддаг.

-Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй, сэтгэл амар амгалан байх, нүдэндээ гал цогтой явах гэдэг дэргэдэх хүнээс маш их шалтгаалдаг. Тиймээс энэ ойлголт хайртай бас салшгүй холбоотой гэж боддог юм. Харин таны хувьд?

-Миний хувьд маш их хайр, энхрийлэл дунд өсч торнисон. Эцэг, эхийнхээ хайраас ард түмний минь хайр намайг угтаж авсан. Түмнийхээ хайранд умбаж яваа жирийн нэг дуучин эмэгтэй. Хайрыг өөр, өөр өнцгөөс ярьдаг боловч эцсийн мөчид утга нь ижил байдаг. Энэ ертөнцөд байх ёстой хамгийн сайхан зүйл бол хайрлаж, хайрлуулах шүү дээ. Хүн хайраас бий болж, өлгийдүүлж, хайранд умбадаг. Хайр хэзээд хуучрахгүй бас дуусахгүй. Мөнхөд оршин тогтнох зүйл. Хүн угаасаа хайраар л амьдардаг. Сайхан ханьтай учраад, түүндээ хайрлагдсан. Хөөрхөн охинтой болсон. Охиноо хайрлаад, охин аав, ээжээ хайрлах гэх зэргээр эргэх холбоотой, хязгааргүй үргэлжлэх зүйл бол хайр юм. Хайргүйгээр хүмүүн төрөлхтөн өөрсдийгөө төсөөлж чадахгүй. Хэзээ ч батлагдахгүй шинжлэх ухаан шүү дээ. Ийм зүйлийг хайр гэнэ гээд хэлчих тодорхойлолт өнөө хэр алга. Ямагт л мөнхийн сэдэв байсан. Цаашид ч байна.

-Энэ хайр гээд үзүүлэх зүйл үгүй учир сэтгэлээс гарах хамгийн дээд чанар байх?

-Хайр чин сэтгэлийнх байх ёстой. Хайр гэж нэрлэгдээд байгаа мөртлөө хуурамч байх зүйл өчнөөн байдаг. Ийм зүйл сүүлийн үед манай нийгэмд олширчээ. Хайрыг ойлгохгүй хүмүүс тийм ааш авир гаргаж байгаа гэж хардаг.

-Та өөрийгөө хайрлагдаж яваа эмэгтэй гэж хэллээ. Тиймээс л ийм их эрч хүчтэй байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж эмэгтэй хүн хайрлагдаж чадаж байж гэрэлтдэг. Эмэгтэй хүн гундаад байвал тэр хүн хайраар дутаад байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Хэн нэгэнд хайрлагдахгүй, хайрлуулж чадахгүй яваа эмэгтэй хүн услаагүй цэцэгтэй адилхан. Хайраар дутсан эмэгтэй хүн гаднаасаа шууд харагддаг.

-Энэ ойлголтоор хажуудах хүнийг таньж болох нь байна шүү дээ?

-Харцнаасаа эхлээд л шууд харагддаг. Харц бүх зүйлийн илэрхийлэл шүү дээ. Үүнээс бултах, зугтах аргагүй.

-Ганц бие амьдрал, гэр бүлтэй болох хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Хайрлах хүмүүсийн тоо нэмэгдэх тусам улам их хайрыг ялгаруулж байна уу. Хүний амьдралын хамгийн дулаан, дотно зүйл бол гэр бүл байдаг?

-Тийм шүү. Өсч үржээд л, хайрын цар хүрээ улам л нэмэгдээд байна. Бүр сайхан дуу гаргахдаа хүртэл хайрлаж, дурлаж, дуулдаг. Бүхий л зүйлд чин сэтгэлээсээ байхыг хүсдэг.

-Удахгүй тоглолт тань болох гэж байгаа учир сэдвээсээ жаахан хазайх нь ээ?

-Бүтээл болгондоо чин сэтгэлээ шингээж дуулдаг. Түүнээс мөнгө бодож дуулдаггүй. Чин сэтгэлээсээ дуулахгүй бол гоё уянгалаг хоолой надаас хэзээ ч гарахгүй. Тиймээс бүтээлдээ сэтгэлээ шингээдэг дээ. Дуулна гэдэг бол бясалгал юм. Дуундаа орж, хайрлаж, шүтэж дуулах ёстой гэж боддог. Ингэж дуулсан бүтээл хүнд хүрдэг. 2008 онд би анхны уран бүтээл болох “Сэтэрт тал” дууг дуулсан. Түүнээс хойш өнөөг хүртэл гэж тооцохоор яг 10 жил болжээ. Мөн “Баясгалантай сайхан” тоглолтоо хийсэн. Тэгэхээр анх бүтээлээ олонд хүргэсний 10 жилийн ой гэж хэлж болохоор байна. Энэ удаагийн тоглолтын онцлог нь бүх зүйл шинэ байна. Тухайлбал, өмсөх хувцас, дуулах уран бүтээл маань ч шинэ.

-“Гэгээ билээ би” гээд нэр их өвөрмөц санагдсан?

-Уран бүтээлийн минь нэр байгаа юм. Үзэгч олондоо уран бүтээлээ чин сэтгэлээсээ, гэгээлгээр амилуулсан дуугаараа дамжуулж байгаа гэж ойлгож болно. Бид бүхэн ээждээ хамгийн их гэрэл гэгээ нь байдаг. Ээжүүд маань ч бидний гэрэл гэгээ нь. Бүх зүйл гэрэл гэгээтэй байгаасай гэдгийг бэлгэдсэн.

-Жүжигчин Л.Сөрөлтийг асуухгүйгээр гарч чадахгүй нь. Яагаад хамт дуулах болсон бэ. Тэр хүнтэй хамт дуулна гэдэг бол мэдрэмжийнх байх. Дуулсан дуу бүхэн тань олонд хүрлээ?

-Л.Сөрөлт анх надад хамт дуулах санал тавьсан. Олон эмэгтэй дуучнаас намайг сонгосон нь учиртай байх. Магадгүй хамт дуулах хувь тохиол байхыг ч үгүйсгэхгүй. Анхны уран бүтээл маань “Хөөрхөн” гэдэг дуугаар эхэлсэн. Түүнээс хойш гурван том тоглолтыг хийжээ. Бид ганзага нийлж, дөрөө харшуулан олон сайхан бүтээл туурвиж явна.