МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо маш олон амлалт өгч билээ. Шинэ төрлийн татвар бий болгохгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ гээд л... Харамсалтай нь эрх баригчид саарал ордонд орсны маргаашнаас л ой санамжаа алдчихсан юм. Бүр 6, 7 төрлийн татвар нэмсэн. Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, автомашины онцгой албан татвар гээд цаашаа хөвөрнө дөө.
Сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг өгч байгаа атлаа хадгаламжид хийчихвэл хүүнээс нь татвар авч байгаа. Тэднийг буруутгах арга байхгүй юм билээ. Ой санамжаа алдчихсан юм чинь амлалтаа юу гэж санах билээ дээ. Тухайн үеийнхээ нөхцөл байдалд тааруулаад ажиллаж байсан гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ой санамжаа олж авахын тулд багагүй зүтгэж, их хөрөнгө “зарцуулсан”. Тохирох эмчилгээг ч хайлаа.
Эцсийн эцэст эмчилгээ олж, ой санамжаа сэргээж чаджээ. Тодруулбал, малчдаас малын хөлийн татвар авъя гэсэн санаачилга гарч, хуулийн төсөл хүртэл өргөн бариад байлаа. Гэтэл энэхүү төслийг МАН-ын удирдлагууд “хогийн сав” руу шидэж байгаа гэнэ. Учир нь тэдний ой санамж сэргэж, сонгуулийн өмнө шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж хэлснээ гэнэтхэн санажээ.
Тиймээс малын хөлийн татвар авчихвал амлалтаа зөрчих учир ойрын хоёр жилдээ энэ талаар ярихгүй юм байх аа. МАН-ын зарим гишүүн сүүлийн үед ихэд амьтанлаг болоод байгаа. Загасны сүвийг хүртэл судалчихсан гэнэ билээ. Тиймээс малын хөлийн татвар гэдгийг малаас татвар авах гэж ойлгоод сандарсан ч байж болох юм. Уг нь малчдаас авах юм шүү дээ. Хэрэгтэй л татвар. Даанч тэдний ой санамж сэргээд, бүр ухаан суучихав. Сонгууль гэдэг ямар ч ой санамжийг сэргээж чадах хүчтэй эм юм даа.