ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бусдад төвөг болохгүй амьдрахсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-24

Миний амьдардаг хорооллын фэйсбүүк хуудас 15 мянган гишүүнтэй. Тэдгээр хүмүүс өдөр тутамдаа л мэдээлэл оруулна. Зарим нь бараа зарна, сүү авна, тараг ирсэн гэх мэт ахуйн шинжтэй зар оруулдаг. Гэвч өдөрт орж буй 30 гаруй постын олонх нь хэрүүлийн шинжтэй байх аж. “Хогоо орцонд хаячихлаа”, “Машинаа явган хүний гарц дээр байрлуулсан ичээч ээ”, “Манай байранд амьдарч байгаа хүмүүс архи уугаад байна”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч минь ичээрэй” гэх мэтээр тэр чигээрээ хэрүүл хийцгээнэ. Тэр тусмаа нохойгоо гадаа шээлгэсэн, хүүхдүүд тоглоомын талбай дээр шөнөжин тоглосон, хогоо орцонд хаясан тухай гомдол, бухимдал, зураг дийлэнхийг нь эзлэх аж.

Энд пост оруулсан хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Мэдээж амьдарч буй орчиндоо цэвэрхэн, тухтай амьдрах гэсэн тэдгээр соёлч иргэдийн зөв байлгүй яахав. Гагцхүү өдөр тутамдаа энэ тухай пост орж байхад өөрийнхөө алдааг яагаад олж хардаггүй юм бол гэж тэдгээр соёлгүй иргэдийн өмнөөс гайхаад байдаг юм. Уул нь их хотын соёлт иргэний хамгийн эхний мөрдөх ёстой дүрэм бол “бусдад төвөг удахгүй амьдрах” соёл юм. Нохой тэжээмээр байгаа бол түүнийгээ зориулалтын газарт бие засуулж, гэртээ байлгахдаа ч аль болох чимээ гаргахгүйг хичээх ёстой. Хөрш айлд нь хүүхэд, нялхас байх вий гэж санаа зовдог сэтгэл ямар ч хүнээс гардаг л баймаар.

Энэ миний амьдарч байгаа орц шүү, энд бас хүмүүс амьдардаг гэдгийг ойлгож хогоо зориулалтын саванд нь гаргаад хаячих сэтгэлтэй байх ёстой. Ерөөсөө л дор бүрнээ ухамсартай, орон сууцанд амьдрах наад захын дүрмээ мэддэг байвал нэг групп байгуулаад түүн дотроо шаагилдаж ороод хэрэлдээд байх хэрэг алга. Заримдаа ч энэ бүхнээс залхах үе бий. Тэглээ гээд бид бичихгүй, иргэн хүн шаардлага тавихгүй, ичээх гэж пост хийхгүй л бол улам бүр л заваарч, хогоо орцондоо байтугай хөршийнхөө үүдэнд орхидог иргэд олширсоор байх билээ. Хүмүүс минь нэг нэгэндээ тус болохгүй юм гэхэд төвөг учруулахгүй амьдарч сурахсан. Ийм л энгийн дүрэм их хотын өнцөг булан бүрт л дутагдаж байна даа.