Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд ч амралгүй, гадуур гүйж, их ажил амжуулж буй бололтой. Өнгөрсөн бямба гарагт хот тохижилтынхонтой уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон байна. Бас болоогүй бургер, ундаагаар дайлсан ч сураг байсан. Хариуд нь тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлсан гэсэн. Хотын дарга минь, хамаагүй гадуур явж, янз бүрийн хоол идэж, цай унд уугаад байж болохгүй шүү.
Гэнэт гэдэс чинь өвдөж, давсаг чинь чинэвэл яана. Тэсэхгүй дээрээ тулаад, энд тэнд буландаж байгаад ард түмэндээ баригдаж, насны онигоо болов. Улаанбаатар хотод нийтийн 00 гэж бараг л байхгүй. Хэдхэн ширхэг бие засах газартай, тэр нь үнэтэй гэж жигтэйхэн.
Ядарсан иргэд 200 төгрөг төлж бие засах газар орж шээж байснаас булан тохойд эвтэйхэн “морь харах”-ыг илүүд үздэг. Тэр үнэтэй бие засах газар нь ч нүдний гэм дээ. Албан байгууллагуудын бие засах газар ихэнхдээ түгжээтэй. Хүн оруулахгүйн төлөө “байлддаг”. Эрх биш хотын даргын давсаг чинээд, гэдэс эвгүйрхээд очвол албан байгууллагууд оруулах байх. Хотын зах хавиар явж байвал таних хүн олдохгүй, оруулахгүй л байх шүү.
Тийм болохоор албан өрөөндөө суугаад, даргынхаа 00-ыг ашиглаад байж байсан нь хамаагүй дээр биз дээ. Ард иргэд чинь яах вэ, буландаад сурчихсан юм. Эрэгтэй гэлтгүй эмэгтэйчүүд нь өмдөндөө шээхгүйн тулд ичихээ умартаад, буланд сууж байна. Одоо яах вэ дээ, ямар бие засах газар бариад өгчих дарга нартай ч биш. Түүнийг нь мэддэг учраас хаана буландахад тохиромжтойг сурчихсан. Нэгэнт иргэд сурчихсан учраас бие засах газар нэмж бариад, Улаанбаатар хотын агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа ялгадасны үнэрээс салгах гээд ч яах юм. Харин та минь л дахиж гадуур гарч, элдэв зүйл идэж, уугаарай. Аль буланд сууж болохыг мэдэхгүй учраас хэцүүдэнэ шүү.