ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шүүх, прокурорынхны “их цэвэрлэгээ” АТГ-ын удирдлагуудаар үргэлжилнэ

А.ОДСҮРЭН
2019-04-28

-АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ хамтад нь хэлэлцэхээр төлөвлөжээ- 

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийхийнхээ өмнөхөн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Хууль зүйн байнгын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй учраас хойшилсон юм. Харин ирэх долоо хоногт АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хамтад нь хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл саяхан хуралдаж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудаа товлохдоо ингэж шийдсэн байна. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хамтад нь хэлэлцэхээр төлөвлөснөөс үзвэл АТГ-ын удирдлагад нэр дэвшигчийн нэрс ч ирэх долоо хоногт тодорхой болох бололтой. 

Монгол Улсад Авилгатай тэмцэх газар байгуулагдаад 13 жил болж байна. Энэ хугацаанд дөрвөн даргын нүүр үзсэн. Анхны даргаар Б.Дангаасүрэнг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон нь туршлага судлахаар Австрали явж, тэндээ учир битүүлгээр нас барсан байдаг. Түүний амиа алдсан шалтгааныг хүмүүс янз бүрээр ярьдаг ч авилга, хээл хахуулийнх нь хэргүүд илрэх гээд байсан учраас түүнийг хорлосон гэж үзэх хүмүүс харьцангуй олон. Гэвч энэ тодорхойгүй байдлыг хэн ч өнөөдрийг хүртэл сөхсөнгүй, дурьдахыг ч хүсдэггүй нь хачирхалтай. Юутай ч тэр үед шинээр үүсгэн байгуулагдсан АТГ  мөрдөн шалгах эрхээ аваагүй байсан. Тэр юу ч хийж эхлээгүй, амжаагүй “бие барсан”. 

АТГ-ын дараагийн даргаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа УИХ-д санал оруулснаар хурандаа Г.Сангарагчааг томилж байлаа. Н.Энхбаярын дараа Ерөнхийлөгчийн сэнтийд суусан Ц.Элбэгдоржийн томилсон Олон нийтийн зөвлөлийнхөн түүнийг элдэвлэсээр байгаад 2011 онд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ял өгч, ажлаас нь буулгасан. Ч.Сангарагчаагийн үед УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш нарт хэрэг үүсгэж, зарим нь ял шийтгүүлсэн байдаг. 

Харин АТГ-ын гурав дахь даргаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж өөрийн хүн болох Н.Ганболдыг томилох саналаа УИХ-д хүргүүлж, ёсчлуулсан. АТГ-ын даргаар таван жил ажиллаад Н.Ганболд эрүл мэндийн гэх шалтгаанаар ажлаа өгсөн. Тэр “даргынхаа” өгсөн үүрэг даалгаврыг нэгэнт биелүүлсэн, даргын хугацаа нь дуусахад ганцхан жил үлдсэн тул нэг их горойж гутарсан ч үгүй ажлаа өглөө. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхаа нэгэнт больсон тул дараагийн “атаман” түүнээс хонзонгоо авах, ингэхийн тулд Н.Ганболдыг ашигласан гэдэг нь нууц биш ээ. Н.Энхбаярыг Н.Ганболдын үед хэрхэн баривчилж, ял шийтгэж, Ц.Элбэгдорж уучлал үзүүлэн жүжиглэж байсныг түүх мартахгүй л дээ. Энэ бол том гутамшигт түүх учраас. Н.Ганболдын гараар хийлгэсэн дараагийн “ялын төлөвлөгөө”-г Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний ойр дотныхонд хэрэгжүүлсэн явдал байлаа. 
Н.Ганболд АТГ-ын дар­гын албанаас чөлөөл­өгд­өх хүсэлтээ өгсний дараа Х.Энхжаргал Ц.Элбэг­доржийн нөлөөгөөр АТГ-ын дарга боллоо. Энэ бол өдгөөгөөс гурван жилийн өмнө болсон явдал. Өөрөөр хэлбэл, 2016 оны долдугаар сарын 8-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдийн 88.1 хувийн саналаар тэр АТГ-ын дарга болсон. Дарга болсноос хойшхи гурван жилийн хуга­цаанд Монголд юу юу болж өрнөв, ямар хэргүүд ил болов, тэднээс хэдийг нь шал­гах биш шийдвэрлэв гэдэг асуул­тад хэн хариулж чадах вэ. 

Х.Энхжаргал АТГ-ын даргаар ажилласан хугацаанд авилга, албан тушаалын хэргүүд өдөр бүр нэгээр, шинээр нэмэгдсээр өнөөдөр тоо, замбараагаа алдаад байна. Шалгаж байна гэхээс өөрийг хэлж үл чадах хэмжээнд л байна. Шалгасаар байгаад хэргийг хөөн хэлэлцэх хугацааг дуусгах сонирхол хэн нэгэнд байна уу гэж хардах юу ч биш. Тэр АТГ-ын даргаар очсоны дараа өдгөөгийн хэдхэн хүний хар хорын сэтгэлд хадаатай явдаг төмөр замын хэрэг шийдэгдээд, буруутнуудыг яллавал яллахаар хугацаа аль хэдийнэ өнгөрсөн. Шалгагдах субьектууд нь тухайн үед Ерөнхийлөгч ч биш, ҮАБЗ-ийн нарийн бичиг ч биш, бүр намын дарга ч биш жирийн л иргэд байсан. Барих, хорих, шалгах яллах эрх байсан. Гэвч баталж нотолж чадаагүй, чадах ч үгүйгээ мэдээд “гөлийсөн”.  Офшор данс, Оюутолгой, Тавантолгойн гэрээнүүдийн нууц хуйвалдаанууд, Хөгжлийн банкны хөрөнгөөр тоглогчид, 60 тэрбумынхны төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хуйвалдаан, АСЕМ-аар далимдуулан мөнгө угаагчдын хэрэг, ЖДҮХС-гаас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж шамшигдуулагчид, Концесс хулгайлагчид, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, “Жаст”-ын бүлэг хэрэг гэхчлэн  өргөн хүрээтэй, холбогдогч олонтой хэргүүдээс ганцыг нь ч шийдэж чадахгүй “шалгаж байна” гэхээс өөрийг хийхгүй хоног өдрийг өнгөрүүлж суугаа АТГ-ын одоогийн удирдлагуудын цаг дуусах нь. 

Хууль, шүүх прокурорынхны “их цэвэрлэгээ” АТГ-ын удирдлагуудыг сольсноор үргэлжилж, Монголд шүүх шударга хандаж, иргэнд хууль тэгш үйлчилдэг болох цаг айсуй гэдэгт итгэхийг л хүсч байна.