Дэлхийн томоохон хотууд өөр өөрсдийн онцлогоороо ялгардаг. Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд утаагаараа эрс ялгарч байгаа. Түүнээс гадна, дэлхийн бүх л хотоос ганцхан Улаанбаатар л агаар дахь шивтэрийн хийгээгээрээ ялгарч чаджээ. Өөр ямар ч улсын, аль ч хотод ийм хий байхгүй. Ёстой хайгаад ч олохгүй. Японы эрдэмтэн бүр тэгж баталсан юм чинь. Бид ялгарч чадаж байна. Ялгарч байхад сайн, муу нь ямар хамаа байна аа. Дэлхийн хотуудаас ялгарах боломж олгосон шивтэрийн хийг бид өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Тэр дундаа манай эрчүүд.
Зам дээр машинаа зогсоож байгаад, буугаад шууд шээчихдэг. Хаана, ямар булан байна, тэрийг андахгүй очиж “морь хардаг” чадвартай эрчүүдийнхээ хүчээр бид агаартаа нэгэн шинэ хийг нэмж, дэлхийд ганцхан шивтэрийн хийтэй хотоор шалгарлаа. Омогшил төрж байгаа биз дээ. Зарим адтай бүсгүйчүүд ч энэ том үйлд бага ч болов хувь нэмрээ оруулж байгаа. Бид аргагүй л дэлхийд хосгүй, давтагдахгүй, шивтэрлэг ард түмэн.
Бүр зарим эрчүүд хилийн дээс алхаж, гадаад оронд очоод хүртэл шивтэрийн хийгээрээ тамгалж чадсан. Ийм тэнгэрлэг ард түмнийг дэлхийн өөр хаанаас ч олохгүй. Манай дарга нар цаашид нийтийн бие засах газрыг ихээр байгуулах талаар яриад, бодоод суугаа юм биш биз. Тэгээд тэр нь үнэгүй байж алах вий дээ. Ёстой тэгж болохгүй шүү. Дэлхийд ганцхан шивтэрийн хийтэй хот гэдэг нэрээ алдчихвал бид өөр юугаараа ялгарах болж байна.