ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Намын бүлгүүд ШХАБ-д элсэх болон Д.Гантулга гишүүний асуудлыг хэлэлцэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-07

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж байна. Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын чуулганы хуралдаантай ч өглөө нээлтээ хийсэн чуулган хоёр асуудлыг хэлэлцээд түр завсарлав. Учир нь УИХ дахь намын бүлгүүд дотооддоо хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон аж.

Тэдгээрийн нэгдүгээрт, ШХАБ-ын гишүүнээр элсэх тухай асуудал бөгөөд энэ сарын 9-12-ны өдрүүдэд болох уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч бямба гарагт БНХАУ-ын Чиндао хотыг зорино. Тиймээс намын бүлгүүд энэ асуудлаар байр сууриа нэгтгэж, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх юм байна.

Мөн энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга болон ёсзүйн алдаа гаргасан гэх Д.Мурат нарын асуудлыг хэлэлцэж магадгүй бололтой. Учир нь прокуророос эдгээр гишүүдтэй холбоотой хүсэлтийг УИХ-д ирүүлсэн бөгөөд 48 цагийн дотор хариу мэдэгдэх ёстой учраас асуудлыг хэлэлцэж, чуулганаар эцэслэх юм байна.