Дунд сургууль төгсөөд, багш болохоор их, дээд сургуульд шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдэд нэг зүйл захих гэсэн юм. Монголд багшаар ажиллахад хэд хэдэн шалгуур бий. Мэдээж эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, түмний хүүхдэд түүхий юм заачихгүй мэдлэгтэй байх ёстой. Сайн багшаас сайн шавь төрдөг гэдэг. Гэхдээ энэ шалгуур багшид тавих нэн тэргүүний чадвар биш. Монголд хууль, журам зөрчихгүй, аятайхан арга ашиглаад мөнгө хураах нарийн ухаантай багш л хэрэгтэй байна. Төрийнхөн тэгж шаарддаг болчихсон.
Наагуураа багшийн ур чадвар, эрдэм мэдлэг гэдэг чинь зүгээр шоу. Цаагуураа мөнгийг маш нарийн аргаар хураах чадвартай багш нарыг ажилд авахыг захирлуудаас нь шаардаж байдаг. Худлаа гэвэл баталъя. Улсын төсвөөс сургууль, цэцэрлэгт засварын мөнгө өгдөг гэж бодож байна уу. Үгүй. Салбарын сайд нь хүртэл төсөв хүрэхгүй учраас урсгал засварын мөнгө гэж өгдөггүй гэж хэлсэн. Мөнгө өгөхгүй мөртлөө үе үеийн дарга нар “Сургууль, цэцэрлэгийн хүүхдээс мөнгө хураахыг хориглоно” гэдэг журам гаргаж, ард иргэддээ таалагдахыг хичээдэг. Яг энэ хавхан дундаас цэвэрхэн аргаар мөнгө хурааж чадаж байгаа багш л хамгийн өндөр ур чадвартайд нь тооцогдоно.
Зөвхөн анги засварын биш цэцэрлэгийн тоглоом авах, элдэв үзүүлэн бэлдэх, баяр тэмдэглэх мөнгийг журам зөрчихгүйгээр хурааж сурна гэдэг төрийн ачааллыг үүрэлцэж байгаа нэг том тус. Улсдаа оруулж буй хувь нэмэр. Хажуугаар нь өөрсдийнхөө амьдралд тус нэмэр болохоо ч бас мартахгүй. Өнөө цагт мөнгө хураах авьяас гагцхүү багшид л илүү заяасан. Төлбөртэй зогсоол, замын постныхон ч тэднийг гүйцэхгүй. Хууль, журмаар хориглосон байхад хууль, журам зөрчихгүй хураана гэдэг гайхалтай биш үү.