ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улс орныхоо төлөө хорхог, боодогноос татгалзаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-06

“Мах үнэ орчихлоо. Үүнийг шийдэх гарц гаргалгаа байна уу” гэж сэтгүүлчид олон жил эрх мэдэлтнүүдээс асуусан даа. Үүнд товч бөгөөд тодорхой хариулт өгсөн хүн байхгүй. Тэгвэл өчигдөрхөн УИХ-ын нэгэн гишүүн “магнаг” болсон махны үнийг хазаарлах, яагаад өсөөд байгаа шалтгааныг олж илрүүлснээ олон нийтэд танилцуулав. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ судлаад захын лангуураар хэсээд байсан нь тийм учиртай байжээ.

Дээр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ. Идэхээ больчих” хэмээн суртачилж байсантай агаар нэг саналыг тэр улстөрч гаргасан юм. Манай улсын иргэд мах ихээр идэж байгаа учраас махны үнэ тэнгэрт хадсан юм байна. Социализмын үед 180 гр мах идэж байсан монголчууд сүүлийн үед махны хэрэглээгээ 265 гр болгож, өдөр болгон түмпэн, түмпэнгээр нь мах чанаж, бас болоогүй хаа таарсан газраа хорхог хийж идэж байгаа нь махны үнэ өсөх шалтгаан болжээ. Үгүй мөн тансаг хүмүүс шүү. Яаж чадаж байна аа. Төрийн түшээ хүн хэрхэвч худлаа ярихгүй.

Тэд бол ард түмний өмнөөс тангараг өргөсөн. Тэгээд ч мэдлэг боловсролтой хүмүүс яалаа гэж худлаа ярих билээ. Тийм учраас монголчууд минь одоо мах идэхээ боль. Саяхан бантан бол хортой гэж олон нийтэд мэдээлсэн. Үүний араас тэр хоолыг хийдэг махыг хориглох тухай улстөрч хүн санал гаргалаа. Төд удахгүй хууль болоод ороод ирэх биз. Ус нь бас судалгаагаар хортой гэж гарсан байна билээ. Гурил идвэл таргална гэж эрдэмтэд нотлоод байгаа. Хүнсний ногоо урдаас зөөдөг, алим жимсийг мөн л химийн аргаар томруулж байна гэж улстөрчид нотолсон.

Загасны эр эмийг тогтоож байгаа тэдэнд махны үнийн өсөлтийг судлах бол үдийн будаа. Тэгэхээр энэ өдрөөс эхлээд хүн бүхэн мацаг барьж, эх орныхоо сайн сайхны төлөө идэх уухаа хазаарлая. Өндөг идэхгүй байлаа гээд өлсөж үхээгүй. Одоо бантан, мах хоёроос татгалзчихвал энэ Монгол Улс яг хөгжих гээд байгаа юм байна. Өргөн хэрэглээний барааны үнэ ч буурна гэж ойлголоо. Үүнийг ч улстөрчид судалчихсан учраас л тэгж мэдээлэл хийсэн байлгүй дээ. Гурван сая монголчуудаа хэрхэн өлсгөхгүй амьдруулах, 180 гр махаар амьдруулах аргаа манай ухаантай дарга нар хэзээний бодоод олчихсон байлгүй. Улс орныхоо эдийн засгийн төлөө алтан ээмгээ тайлаад өгч чадахгүй ч түмпэн мах, хорхог боодог, тэр ч байтугаа бантангаас ч татгалзаж чадна шүү. Бид чинь Чингисийн монголчууд шүү дээ.