ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“QUEEN”-ыхны хажууд гишүүн яагаад томорч болдоггүй юм

А.ОДСҮРЭН
2019-05-07

Н.Амарзаяа гишүүнд УИХ-аас шинэ орон сууцтай бол гэж 50 сая төгрөг өгсөн бололтой юм. Тэр явдлын зөв бурууг шүүсэн улс соошлоор нэг. Аль талд нь орохоо ч мэдэхгүй хэсэг харлаа. Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго, төвөг цаашаа гэлтэй биш. Домогт “Queen” хамтлагийн амьд сэрүүн байгаа гурван гишүүний хөрөнгө Английн хатан хааныхаас давж 445 сая фунт стерлинг болсон гэнэ билээ.

Тэдний хажууд манай төрийн түшээдийн ажил их, алба амаргүй болохоор амьдрал ахуйг нь сайжруулахад төр засгаас дэмжиж тэтгэх нь зөв гэж зөвтгөн бодож тайвширлаа. Тэр гурав бол  хоолойгоороо л хоолоо олж идэж, тэр их ашиг орлогыг өөрийн болгож баяжсаны хажууд манай төрийн түшээд, парламентын гишүүн хэд хоолой ам, гар бие, оюун ухаан бүхнээ ард түмэндээ зориулдаг гэхчлэн өрөвдөх ч шиг.

Төр түшилцэж, хууль батална гэдэг “Queen”-ы гурвын дэргэд бол аймаар том, өргөн цар хүрээтэй, их ухааны ажил байхгүй юу, базарваань. Амь амьдралаа бодох ч завгүй уралдаж, уралцаж яваа юм, тэд. Тэднийхээ ар гэр, амьдрал ахуйг нь ард түмэн, төр засаг бид л өөд нь татахгүй бол болохгүй.

Хувийнхаа бизнесийг хүртэл гаргуунд нь хаячихаад тойргийнхоо сонгогчдод зээл авч өгөөд өөрсдөө хэрэгт орчихоод байдаг гэмгүй улс төрийн түшээд л байгаа юм. Тендер, лицензийн булхай луйварт бид л тэднийг сургачихаад эргэж бухаад байдаг болохоос төр түмнийхээ төлөө тангараг өргөсөн тэд үнэнч шударгын туйлууд л даа. Дөрвөн жилийн цикльтэй Их хурлын сонгуульд цаашдаа ядуу дутуу, харц ардыг олноор сонгож, орон байр, унах унаа, хувийн бизнестэй болгоод явчихвал Монголд ядуурал огцом буурч, хүн амьдрахад хамгийн таатай орны тоонд орох нь дамжиггүй.

Хор нь гарчихсан хүмүүс юунд л шунаа аж. Харин бизнесийн зах зухаас атгачихсан, таван төгрөгний үнэ цэнийг мэддэг болчихсон хүмүүс л аюултай. Тавыг яаж арав болгох вэ гэж өдөр шөнөгүй бодож, улсаас яаж тонох вэ, төрөөс яаж хулгайлах вэ гэж л бодно. Улсын мөнгө уйлдаггүй, төрийн мөнгө төлөөсгүй. Ядруухан, зутруухан ард иргэдээсээ төрд, Их хуралд олноор нь сонгодог болох хууль баталчихвал хуулиа л дагана даа.  Орон сууцны зээл олдох нь байтугай ломбардад тавих ээмэг бөгж ч үгүй иргэн хүнийг тэр ордондоо залчихаад орон сууцтай, эд хөрөнгөтэй, эрхлэх албан тушаалтай болгоод явчихвал гуравхан сая монгол нүд ирмэхийн зуур л өндийгөөд ирнэ дээ. Бурхан зүг оройдоо.