ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хараалын үг урсгах чинь хөөрхөн царайг чинь халхлаад байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-08

Монгол бүсгүйчүүдийн үзэсгэлэнг харь орныхон шагшин магтаж байхыг нэг бус удаа харсан. Түүнээс ч олон удаа сонссон. Үнэхээр ч манай бүсгүйчүүд  үзэсгэлэнтэй. Гэвч үзэсгэлэнтэй сайхан байна гэдэг зөвхөн гаднах үзэмж биш гэдгийг бид анзаараагүй хэвээрээ л байна. Нэгэн үе охид тамхи татаж, хараал хэлэх моод дэлгэрч байлаа. Одоо ч энэ моод байсаар л байна. Булан тохой бүрт охид тамхилж, ээж охингүй хараал хэлж байгаа дүр зурагтай бид өдөр бүр тааралддаг. 10 жилийн өмнө дунд сургуулийн сурагч тамхи татаж байхтай таарвал эвэртэй туулай үзсэн мэт хачирхаж, шүүмжилдэг байлаа. Одоо бол жаахан охин хээв нэг тамхилж зогсох нь хэвийн гэмээр үзэгдэл болж.

Гоёхон даашинзны хормой дэрвүүлж, бардам алхах гоо бүсгүй, харц булаам хөөрхөн охид, хүүхдээ хөтөлсөн сайхан ээж тамхи татан, элдэв хараал урсган “танхайрч” байхыг харах танд ч гэсэн гомдмоор санагддаг биз дээ. Урам хугаран, дэмий л ширтэхээс өөр хэлэх үг олддоггүй биз дээ. Энэ танхайрлаасаа санаа зовох нь бүү хэл гангараа мэт аяглах нь бүр ч харамсмаар биш гэж үү. Бүсгүй хүнийг бүх ертөнцийн чимэг гэдэг. Тиймдээ ч гоо сайхан байна гэдэг эмэгтэй хүн бүрийн хамгийн эрхэм зүйл.

Хайртай залуугаасаа гал асууж, хамт тамхилж зогсох чинь гоо төрхийг чинь халхлаад байна. Хараалыг тоглоом мэт урсгах чинь үзэсгэлэнг чинь гундаагаад байна. Хэлд орж байгаа жаахан хүүхэд нь “П”-ээр эхэлсэн хараал хэлэхийг өхөөрдөн инээлдэж, дахин дахин хэлүүлж байгаа аав, ээж ч хажууханд минь байна. Хөөрхөн охид оо, сайхан ээжүүд ээ хөөрхөн харагдах гэж нүүрээ буддаг шигээ, дотоод гоо сайхнаа тордож, хараал, тамхи хоёрыг хаяж орхивол үзэсгэлэн гоо чинь улам төгөлдөр болох гээд байна.