Ар гэрийнхээ бүх л ажлыг амжуулчихаад амралтын өдөр сайхан амарч суухад цэнхэр дэлгэцээр улстөрчдийн булхай луйвар, худал хуурмаг бүхнийг нь уудалсан дандаа л хар бараан мэдээлэл бидний оюун санааг зогсолтгүй бохирдуулж байх юм. Тэр болгонд бие сэтгэлээ хямрааж, түүндээ бухимдаад байвал бид хэн болж хувирах бол. Өнөөх л шүүмжлэгч, үг бүрээс өө хайсан нэгэн болох нь гарцаагүй. Гэвч амьдрал дандаа бараан байдаггүй юм гэдгийг өдөр тутамдаа ухаарахсан.
Өглөө нь муу муухайг уншсан, сонссон ч үдэш нь түүнийгээ мартаж суръя. Амьдралд сөхөрмөөр, бууж өгмөөр хүнд хэцүү цаг ирдэг ч түүнийг даваад гарах сэтгэлийн тэнхээ бидэнд юу, юунаас илүү чухал байна. Эр нөхөр чинь араар тавьж, эсвэл гомдоолоо гээд энэ нь орчлонгоос уйдах шалтгаан огтхон ч биш ээ, бүсгүйчүүд минь. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон, өнчрөл хагацал үзлээ гээд тэр бас амьдралд сөхөрч, бууж өгөх шалтгаан биш.
Чамтай адилхан олон мянган хүмүүс дэлхийн хаа нэгтээ өнчирч, хагацал үзэж, бас өвдөж зовж л байгаа. Тэглээ гээд хоёр гараа өргөөд бууж өгдөггүй юм. Эр нөхөр нь гомдоосон, эсвэл зодлоо гээд чи азгүй нэгэн болохгүй. Амиа хорлож, алаг үрсээ гомдоох шалтаг ч бас биш. 7.7 тэрбум хүн дунд чамтай л адилхан зовлон үзэж яваа сая, сая хүмүүс байдгийг ойлгож олдсон ганцхан амьдралаа илүү өөдрөгөөр туулаарай.
Хүний амьдралд уйлах, гомдох 1000 шалтгаан олдоно. Олддог ч юм билээ. Гэвч тэр дунд инээх ганцхан шалтаг байвал түүнийгээ тултал ашиглаж, ханатлаа инээ, цэнгэ. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ханийгаа, ах дүүгээ, аав, ээж тэр ч байтугай хамт олноо илүү сайхнаар, илүү гоёор хайрлаад үз. Энэ нийгэм бүтэхгүй байна, улс орон хямарлаа гэж бухимдаж суухаар олдсон ганц амьдрал минь, эх нутаг минь хэчнээн сайхан юм бэ гэж нэг удаа ч болов хараад үзээрэй. Амьдрал илүү амттай болно. Энэ орчлонд сайны хажуугаар саар нь олон бий. Муу муухай бүхнийг хараад сэтгэл чинь өвдөж, гуниглана гэдэг чи хүнээрээ байгааг харуулж байгаа хэрэг.
Гэхдээ энэ бүхнийг дахин гаргахгүй байхын тулд хажуудах бүхнээ тултал хайрлаж, харьцаж байгаа бүхэндээ эерэг энерги цацруулж, харьцсан бүхэндээ зөвөөр үлгэрлэ. Нэг удаа бүтэлгүйтэж мэдэх ч нэг л өдөр чамайг тойроод, магадгүй чамаас салаалаад олон хүн зөвөөр амьдрах гэж хичээдэг болсон байх вий. Өөрийнхөө нүүр номонд өдөр болгон оруулж буй хэрүүл, хүчирхийллийн мэдээллээ нэг өдөр л орхичих. Хорвоогийн хаа нэгтээ болж буй хамгийн гэгээлэг, сайхан бүхнийг оруулж, түүнийг хуваалцаж, мэдэрч буй аз жаргалыг нь төсөөл. Тэр цагт амьдрал хэчнээн сайхан, амьд явна гэдэг ямар сайхан болохыг, хормын зовлонгоо хүн даван туулж чаддаг гэдгийг ойлгоно доо. Эерэг байцгаая.