ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мод “булах” технологио дэлхийд сурталчил

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-12

Германы дөрвөн эрдэмтэн Монголд ирээд, Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж, мод тарьж байгаатай танилцсан байна билээ.  Зүлэг, мод тарих, ногоон байгууламж чиглэлээр ажилладаг эрдэмтэд юм гэсэн.

Манайхны уулын модыг үндсээр нь булга татаж авчраад, Улаанбаатар хотдоо “булдаг” технологийг мэдэхгүй, мэл гайхаж, цэл хөхрөөд, эрүү нь мултарч унах дөхсөн гэнэ ээ, тэдний. Европын өндөр хөгжилтэй орны эрдэмтэн мэргэд байж ийм арга, технологи мэдэхгүй гайхаад байгаа нь их сонирхолтой байна.

Монголын дарга нар энэ аргаар чинь сүүлийн хэдэн жил мод тариад, Улаанбаатар хотын ногоон байгууламж хэдэн хувиар ч билээ нэмэгдсэн тоо гарсан юм шүү. Монголын эрдэмтэд битгий хэл дарга нар уулнаас мод булгалж авчраад, ухсан нүхэнд хийж булаад, дөрвөн талаас нь тулаад өгчихөөр ургадаг гэдгийг мэдээд байхад Германы эрдэмтэд хаагуур, юу хийж явсан байна аа.  Дэлхийд байхгүй аргаар мод ургуулах гэж байна гээд гайхаад зогсч байдаг.

Нөгөө талаар, Монголын эрдэмтэй мэдлэгтэй хүмүүс, дарга нарын ч буруу. Уулын модыг булга татаж авчраад, ухсан нүхэнд суулгаад, дөрвөн талаас нь тулж өгөөд ургуулчихдаг супер арга олсон юм бол түүнийгээ дэлхий нийтэд зарлах хэрэгтэй. Энэ технологио ядаж л Германы эрдэмтэн мэргэдэд зааж өгөөд, туршлага судлуулаач ээ. Тэд ч бас олон том хотоо ногооруулах гэж хичээж л ява хүмүүс. Манай ирээд,  булсан модыг хөдөлгөж үзээд, гайхаад зогсч байна. Ингэж амиа бодож болохгүй ээ, монголчууд аа. Шинэ технологио дэлхийд сурталчил.