МАХН-ын Гүйцэтгэх товчооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян Оюутолгой компанид нууцын зэрэглэлтэй материал хүргүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдлээ.
Тэрбээр ярихдаа “УИХ дахь МАН-ын бүлэг энэ улстөрчид хариуцлага тооцох ёстой. Улсын нууцтай холбоотой, УИХ-аар хэлэлцэх ёстой материалыг Оюутолгой компанид хүргүүлсэн байна. Тэгсэн атлаа үүнийгээ би 45-хан хуудас материал шаардсан учраас хүргүүлсэн гэж яриад зогсож байна. Энэ хүнийг шалгах ёстой. АТГ-ын удирдлага шинэчлэгдлээ. Ажлаа хиймээр байна. Өмнөх дарга нь Оюутолгойтой холбоотой олон ноцтой баримт байгаа гэж хэлсэн. Энэ дунд Д.Дамба-Очирын асуудал байгаа юу. Тодорхой болгомоор байна. “60 тэрбум”-ын хэрэг гэж тодорхой хэдэн хүмүүст хариуцлага тооцсон болоод өнгөрсөн. Гэхдээ намаас хөөгөөд шийдчихгүй. Д.Дамба-Очир танай намын гишүүн мөн үү, У.Хүрэлсүх намын дарга аа. Танай намаас байгуулагдсан ажлын хэсгийн нууцыг задруулчихлаа.
Энэ асуудал мэдэгдсэн даруйд л хариуцлага тооцох ёстой. Задруулаад нэлээд хэдэн сар ч болсон байж мэднэ. Ямар шалтгаанаар задруулсан бэ гэдгийг тодруулж, энэ гишүүнд хариуцлага тооцох ёстой юм. Оюутолгой компани ч улсын нууцын зэрэглэлтэй материалыг яагаад олж авдаг юм. Хариуцлага яригдах л ёстой. Ажлын хэсгийн дарга байж байгаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажлаа өгсөн. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй компанидаа материал аваачиж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээлээ. Улмаар МАХН-ын зүгээс энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах бөгөөд албан бичиг хүргүүлж, хуулийнхан ажлаа хийх хүртэл иргэдтэй нэгдэж нийлээд тэмцэнэ гэлээ.