Зоогийн газарт хоолны үнэ нэмэгдэж, гуанзууд хуушуурынхаа үнийг өсгөжээ. Цаг сайхан байх үед 800, 1000 төгрөгөөр авч иддэг байсан хуушуурын үнэ 1200 болж өсчээ. Шалтгаан нь үхрийн махны үнэ нэмэгдсэн явдал гэнэ. Бүр нарийн яривал үхрийн буруу. Түүнээс ч нарийн яривал үхэр маллаж байгаа малчдын ч буруу шүү. Супермаркетад үхрийн мах кг нь 16 мянган төгрөг болчихлоо. Дагаад бусад малын мах ч нэмэгдэж байна. Гахай, тахианы мах ч бас нэмэгдлээ. Тэр битгий хэл шатахууны үнэ хүртэл нэмэгдчихлээ. Үхрийн махнаас болсон гэдэг тайлбарыг удахгүй шатахуун импортлогчид хийнэ, харж л байгаарай.
Шатахуун импортлогч компанийн ажилчид үхрийн мах худалдаж авч идэхийн тулд өндөр цалин авах шаардлагатай болсон. Ажилчдынхаа цалинг нэмэхийн тулд шатахууны үнэ нэмлээ гэж тайлбарлавал битгий гайхаарай. “Манай компани ажилчдынхаа эрүүл мэндэд анхаардаг. Үхрийн мах хамгийн чанартай, холестрин багатай. Тиймээс зөвхөн үхрийн мах авч идэхийг шаарддаг. Тэд үхрийн мах авахын тулд өндөр цалинтай байх ёстой. Өндөр цалинг нь өгөхийн тулд шатахууны үнээ дахин нэмж, 2000 төгрөг болгохоос өөр аргагүйд хүрлээ. Бид хүнээ бодох цаг болсон” гэж захирал нь яривал гайхах юм огт байхгүй. Ямааны махтай хуушуурын үнэ ч удахгүй 1200 төгрөг болно. Шалтгаан нь үхрийн мах үнэд орсонтой холбоотой юм.
Та гуанзанд ажилладаг зөөгчөөс үхрийн мах үнэд орох нь ямааны маханд ямар хамаатайг асуугаад хариулт авч чадахгүй. Учир нь тэр хуушуур ямааны махтай эсэхийг та баталж чадахгүй. Зөөгч үхрийн мах гэж хэлсэн л бол үхрийн мах. Гүйцээ. 1200 төгрөгөөр хуушуур авахдаа л бэлд. Одоо бидэнд ганц л гарц байна. Үхэр өсгөхийн эсрэг жагсаал хийе. Үхэр байхгүй бол мах үнэд орохгүй. Энгийн логик шүү.