Улс орны хөгжлийн асуудлыг гэрлийн хурдаар шийдэх мэргэн арга байгааг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад тохиолдсон тоогүй явдал харууллаа. Түүнийг өөрийн хүсэлтээр гишүүний эрхээсээ татгалзсаны ачаар Хэнтийчүүд хамаг асуудлаа хоромхон зуурт шийдэж байгааг бид харлаа. Ухаарлаа.
Ийм л амархан шийдэх асуудлыг он дамжин мунгинах шаардлага огтоос байгаагүйг энэ явдал нотлов. Улс төрчид улс орноо хөгжүүлэх гарц, гаргалгаа хайж, толгой гашилгаж суух хэрэг байгаагүйг нөхөн сонгуулийн сунгаа баталлаа. Ерөөс эх орноо хөгжүүлье, ард түмнийхээ асуудлыг шийдье гэсэн чин сэтгэлтэй төрийн түшээд суудлын төлөө тэмцэлдэж, дараа нь түүнийгээ чөлөөлөөд өгчихөд л асуудлууд ногоон гэрлээр шийдэгдэх байж.
Угаас холыг харж, хоёрыг тунгаадаг төрийн түшээд үүнийг нүүдлийн өмнөөс харсан ч байж болох. Тийм ч учраас эрх мэдлийн төлөө улайран тэмцэлддэг байсныг одоо харахад учиртай байна. Суусан суудал хэр өндөр байна, түүнийг чөлөөлөх үед төдий чинээ ард түмний асуудал, улс орны хөгжил түргэн шийдэгдэхийг төрийн түшээд харчихсан байсан хэрэг. Эрх баригчдад эх орноо хөгжүүлэх чин хүсэл байсныг суудал чөлөөлөөд хөгжүүлэх далд бодлого харууллаа.
Анхнаасаа энэ аргыг тооцоолоогүй байж ч болно. Гэвч Д.Гантулгад тохиолдсон тоогүй явдал улс орныг хөгжүүлэх ийм арга байгааг харууллаа. Хөгжлийн тушааг тайлах энэ мэргэн аргыг дэлхийн ямар ч улс бодож олоогүй л байгаа. Тиймээс олж харсан энэ аргаа албажуулж, хөгжлийн бодлогын суудал суллах арга гэсэн нэр томъёоллыг бий болгох хэрэгтэй байна.