ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хаврын бодрол

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

Яагаад ч юм хавар нэг л тогтворгүй. Гол усаа дагаад гойд сайхан болчихдог тайгынхаа хаврыг үе, үе санана. Уулынхаа хаврыг үгүйлнэ.  Урин салхи сэвэлзэж, холын дүнхэр уулс нь хөлөрч ирээд хөх өнгөнд хувилдагийг нь төсөөлнө. Сэвэлзэх салхинаас нь шинэ ногооны агь үнэр сэнхийж, усан зэрэглээ тэнгэр газрын дунд торолздогийг нь бодно. Хатад ууланд хаврын бороо зүсэрдэгийг ч санана. Үүрээр орсон бороо үдшийн бүрий унатал намждаггүйг нь бодно.

Их удаан зүсэрсэн бороонд норон алхаж, алхсан мөрөөр нь борооны ус тогтдогсон. Тогтсон усанд нь дүгрэг сар ойх шиг шалбааг татна. Ойсон сарны туяанд нь өөрийгөө би тольдох шиг л болдог юм. Ийм борооноос хаврын үнэр л нэвт ханхалж, хөдөө тал амилдаг. Дэлгэр нутагт дэндүү эрт цэцэгс ургана. Ургасан цэцэгс дээр нь содон өнгийн эрвээхэй бууж ниснэ. Нисэж яваа эрвээхэйг хөдөөгийн жаалууд элдэж гүйлдэнэ. Хөөгөөд гүйцэхгүй ч хөөцөлдөж тоглоцгооно. Хөдөөгийн хавар ийм л уянгатай. Харин хөл ихтэй хотын хавар тэс ондоо аж.

Догдлол, уяралаас илүү бодролууд хөвөрдөг дүнсгэр хавар энд үргэлжилнэ. Энд би шороо амтагдсан бор хаврын дундуур алхална. Нүүр нүдгүй хуйлрах салхины өөдөөс нүдээ халхлан зүтгэнэ. Хүйтэн харагдах шилэн байшингуудын дунд хаврын өдрүүд урсан өнгөрч. Урсгалд дунд нь би ч бас урссаар өнжинө. Нэг л мэдэхэд битүү байшингаасаа гарч битүү байшиндаа очих цаг болжээ. Хотын хавар дэндүү дүнсгэр.