Зуны эхэн сар талдаа орж байгаа ч гадаа хүйтэн, цас орж, цасан шуурга тавиад, малчид, хөдөлмөрчдийг бага зэрэг зутрааж байна. Тавдугаар сарын дундуур гадаа сайхан дулаарч, бороо орж байдаг цаг. Гэтэл ийн шөнөдөө хасах градустай хонож, цасаар шуурч, тэнгэр хангай догшроод байгаа нь цаанаа учиртай юм байна. Алганы хээгээр мэргэлдэг Солонгос ч бил үү, Японы ч гэсэн үү, нэг нөхөр халуун зунаар үстэй хувцастай сууж, зурагтаар гарснаас боллоо гээд байтал үгүй гэнэ.
Төв аймгийн БОАЖГ-ын дарга Гандан хийдийн лам нартай хамт сумдаар орж, овоо тахиж, ном хуруулсан учраас ийн цас орсон юм байна. Төв аймгийн Эрдэнэ сумын албан ёсны цахим хуудаст ингэж мэдээлээгүй бол гадны мэргэн, түргэн хүнийг хардаад хэрэгт орох байж.
Төв аймгийн БОАЖГ-ын даргадаа юуны өмнө баярласнаа илэрхийлье. Хаврын адаг, зуны эхэн сард хурмаст тэнгэр хураа хайрлаж, газар чийгтэй болно гэдэг зуншлага сайжрахын шинж. Гэхдээ дарга аа, та ажлаа арай сайн хийгээд, лам нар чинь номоо хэтрүүлчихээгүй байгаа даа. Ойрын хэд хоногт Улаанбаатар хотынхон хөлдөж үхэх нь. Халаалт зогссоныг ч хэлэх үү, зуны эхэн сард цасан шуурга шуурах хэцүү л юм. Малчид хүртэл зутарч, зуны эхэн сард өвдөг давсан цас орж байгаад ихэд гайхаж байна.
Мал ч их хорогдлоо. Тэгэхээр одоо жаахан дулааруулаад, цас биш бороо оруулж өгөөч. Зургадугаар сар хүртэл үе үехэн бороо орчихвол хэрэгтэй л байна. Тэгээд зургадугаар сарын дундуур бороо таслаад хэрэггүй шүү. Наадмын үеэр хатчихвал ган болно. Дарга аа, та зөвхөн Төв аймгийнхаа хэдэн сумыг л бодоод, бусад аймаг, сумаа мартаж болохгүй шүү. Монгол орон даяар сайхан зун болбол хэрэгтэй л байна. Дахиад захихад, одоо жаахан дулааруулаа, хэн дарга аа.