ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Туньсан, уурласан хоёр

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-19

Улс орны эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт улс төрийн хариуцлага тооцож, намаас таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргасан нь өнгөрөгч долоо хоногт улс төрийн анхаарал татсан сэдэв байв. Ардын намын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа “Намын Хяналтын хороо сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн.

Ингээд Оюутолгой компанид УИХ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлж, улс эх орныхоо эсрэг үйлдэл гаргасан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарт улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргалаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл,таван жилд тойрог өгөхгүй, улс төрийн ямар нэг албан тушаалд томилохгүй гэсэн үг. Гэтэл шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир бухимдаж, намаас хөөчих хэмээн уурлаж гүйв.

Тэрбээр, чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ “УИХ-ын дарга Байнгын хорооны дарга нарынхаа юу хийж байгааг мэдэж байгаа байлгүй дээ. Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байтал нам дээр татаж авчраад хариуцлага тооцдог боллоо. Коммунист нөхцөл байдал руу явлаа. Оюутолгой компаниас хүсэлт ирсний дагуу л холбогдох материалыг хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй. Нэг мөсөн намын гишүүнээс хөөчих. Тагнуулын байгууллага үүнийг чинь шалгаад намайг ямар нэг буруутай үйлдэл хийгээгүй гэж нотолсон” хэмээн уурлаж байх юм.

Гэвч гишүүний өөрийнх нь хэлснээр хөөсөн ч буруудахгүй байсан юм. Тэр улс орныхоо эсрэг үйлдэл хийсэн үү, хийсэн. Оюутолгойн ажлын хэсгийг ахлах үүргийг хоёр жилийн өмнө хүлээсэн ч тодорхой шалтгаангүй татгалзсан хүн бол Д.Дамба-Очир. Дараа нь байнгын хорооны дарга гэдэг эрх мэдлээрээ далайлгаж, УИХ-аар хэлэлцэх нь байтугай УИХ-ын гишүүд нь ч танилцаж амжаагүй мэдээллийг Оюутолгойд хүргүүлсэн хүн бол бас л тэр.

Үүнийх нь төлөө намаас байтугай УИХ-аас хөөсөн ч багадах шийтгэл билээ. Оюутолгой компани албан ёсоор хүсэлт гаргасан бол эхлээд УИХ-ын даргадаа мэдэгдэх ёстой байлаа. Цаашлаад байнгын хорооны гишүүдтэйгээ зөвшилцөх ёстой. Байнгын хорооны дарга нь хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хэлэлцэх үед гишүүдийнхээ саналыг нь цуглуулдаг эрх мэдэлтэй нэгэн болохоос УИХ-аас ажлын хэсэг гаргаж, бүтэн хоёр жил цуглуулсан баримтыг хэн нэг компанид дураараа өгөх эрх мэдэлтэй албан тушаалтан огтхон ч биш.

Мөн Ажлын хэсгийн гишүүд ч мэдээгүй байхад хүргүүлж байна гэдэг нь ямар эрх ашиг нуугдаж байсныг тод томруун хэлээд өгчихлөө. Ийм үйлдэл гаргасныхаа төлөө уучлалт гуйх нь байтугай намаас хөөчих гэж айлгаж байна, тэр. Гэтэл ганцхан буруу хазгай үг хэлснийхээ төлөө, татвар төлөгчийн мөнгөөр толь худалдан авсныхаа төлөө гадны улс оронд улстөрчид нь хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорч байх юм.

Д.Дамба-Очир шиг ийм үйлдэл гаргасан бол шууд шоронд хоригдох байсан юм. Харин манай улстөрчдөөс “намаас хөөчихөөч” хэмээн том дуугарах увайгүй эрх зориг л гардаг юмсанж. Ганцхан энэхүү хэрэг ч бус ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлж, өөрийн эзэмшлийн компаниар зээл авсан хэргийг нь Прокурорын байгууллага хянаж, яллах дүгнэлт үйлдчихээд байгаа. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-аар хэлэлцэж байсан нь хуучраагүй түүх юм шүү. Бүх зүйл нь баримтаар нотлогдчихсон таван улстөрчийн нэг нь өнөөх л Д.Дамба-Очир.

Ийм хүн л Монголын улс төрийг, ард түмэнтэй нь хамт доромжилчихоод суудалдаа шигдэж үлдэх нь ээ. Цаашлаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг шинэчлэн боловсруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлигачдад боломж олгосон буруутан болох Ш.Раднаасэд бас л баахан туниж гүйлээ. “Намаас гарах өргөдлөө өгчихлөө, Намын генсек миний тойргийг авах гэж ийм хор сэдлээ” гэх аргаа барсан, арчаагүй улс төрийн пиар хийлгэлээ.

Тэр сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө  “Энэ нам одоо төрийн ажилд ордог, УИХ-ын гишүүн санал гаргасныхаа төлөө намын Хяналтын хорооноос хариуцлага хүлээж болдог юм уу. Тойрог булааж авах гэж байгаа бол авч болно. Ш.Раднаасэдээс Говь-Алтай аймгийн салгаж авах гэж байгаа бол авч болно. Гэхдээ ингэж байгууллага руу, институц рүү халдаж байгаа нь буруу” гэсэн тайлбар өгөв. Угтаа шударга улстөрч нь үнэн юм бол, өөрөө ярьдаг шигээ хүний эрхийн төлөө тэмцдэг юм бол “Авлигачдад боломж олгох хуулийн зүйл заалт өөрчилсөн нь миний буруу.

Энэ хуулийг ингэж гуйвуулж ашиглана гэж бодсонгүй. Даруйхан засах талаар ажиллана” хэмээн ард түмнээс уучлалт гуйгаад, алдаагаа залруурах талаар ажиллах байлаа. Гэтэл намын генсек миний тойргийг авах гэж ийм зүйл хийлээ гэсэн ямар ч үндэслэлгүй, арчаагүй, аргаа барсан тайлбар хийв. Инээдтэй, бас эмгэнэлтэй харагдлаа, таны тайлбар. Бас болоогүй ээ, ээждээ тунисан хүүхэд шиг намаас гарна гэж айлгаж ч байх шиг.

Хатуухан хэлэхэд, 100 жилийн түүхтэй Ардын нам Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир хоёроор дутахгүй байлгүй дээ. МАН-ын Хяналтын зөвлөл энэ удаа улс төрийн маш зөв шийдвэр гаргалаа. Намын гишүүн гэсэн улаан батлах халаасанд нь байгаа л бол гишүүн гэж яваа хэнбугай ч дүрмийнхээ дагуу тоглолт хийх ёстой биз дээ. Ардчилсан нам энэ мэт шийдвэр гаргахдаа авууштай нь гаргасан шийдвэр дээрээ хатуу зогсдог юм билээ. Гэтэл Ардын намынхан өглөө нь гаргасан шийдвэрээ үдэш нь цуцлачихав. УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдаж “Улс төрийн ийм шийдвэр гаргасан нь буруу” гэсэн дүгнэлт танилцуулсан.

Мөн МАН-ын Удирдах зөвлөл нь шөнөөр хуралдаж, “Дэмжлэг үзүүлэхгүй гэх Хяналтын хорооны шийдвэрийг дэмжихгүй” гэсэн шийдэлд хүрчээ. Нэг нь уурлаж, нөгөө нь намаас гарна гэж тунихаар л гаргасан шийдвэрээ тэр дор нь цуцалж, нэг өдрийн дотор хэд ч хувирчихав, энэ намынхан. Ямар ч зохион байгуулалт, хоорондын уялдаа холбоо алга. Ганц энэ удаа ч бус өмнө нь Хяналтын хорооныхоо гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг нь дэмжихгүй, цуцалж байсан тохиолдол гарч байсан. Нэр бүхий улстөрчдийг намаас хөөх шийдвэр гаргасны дараа “дэмжихгүй, цуцлах ёстой” гэдэг шийдвэрийг МАН-ын бүлгээсээ гаргаж байлаа.

лон нийт эсэргүүцээд эхлэхээр л гаргасан шийдвэрээ өөрчлөх юм бол нам гэж байгаад яадаг юм бэ. Ингэж шившгээ тарих юм бол Хяналтын зөвлөл байгуулах хэрэг юу байсан юм бэ. Улс төрийн намын дүрэм гэгчийг батлах хэрэг байсан уу. Төрийн дээр нам сандайлах ёсгүй. Үүнтэй хэн ч санал нэгдэнэ. Гэвч намын нэр хүндийг, улстөрчийнхөө нэр хүндтэй хамт уландаа гишгэж байгаа бол нам хариуцлага ярьдаг байх нь дүрмийн дагуу л явуулж байгаа улс төр байлтай.