ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: Манай өрөөнд ороод гарсан, надтай уулзсан зүйл байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-19

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд хуралд оролцож явахдаа Засгийн газрын танхимын хажууд байрлах хоёр давхрын гонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй хэмээн үзэж буйгаа өнөөдөр АН-аас мэдээлсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд түүний амиа алдсан нэг давхрын буланд хүндэтгэл үзүүлж, зул өргөлөө.

Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “УИХ дахь АН-ын зөвлөлөөс АН-ын дэд дарга, бидний журмын нөхөр, итгэл үнэмшил, үзэл бодол нэгтэй Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амиа алдсан газарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байна. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулж Г.Батхүү агсныхаа гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Болсон хэрэг явдалтай холбогдуулан элдэв ташаа мэдээлэл явж байгаад харамсаж байна. Төрийн тусгай хамгаалалттай онцгой обьектод төрийн зүтгэлтэн, улстөрч хүн амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байгаа. Хуулийн байгууллагууд хэргийн үнэн мөнийг маш шуурхай олж, хэвлэлд нээлттэй байх ёстой шүү” гэсэн юм.

Талийгаачийг хамгийн сүүлд АН-ын дарга С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар өгөхдөө “Тийм зүйл байхгүй. Үдээс өмнө би зөвлөлийн хуралтай гээд ордонд байсан. Үдээс хойш манай АН-ын үзэл баримтлалын үндэсний аяны нээлт болсон учраас гадуур явж байсан. Уулзсан болон манай өрөөнд орсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэлээ.