ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

75:3=25 зөвлөл

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-20

МАН-ын дүйвээнээр АН-ын “үргэж”, хоёр гишүүнээ тавьж туугаад, бүлэг нь зөвлөл болсон нь саяхан. “Шилэрсэн” хоёр нь нэг дуучин элсүүлээд, “Шударга иргэдийн нэгдсэн эвлэл” гэдэг зөвлөлийг байгуулжээ.  Бүр анхны хурлаа хийж, яаж ажиллах журмаа баталж, ямар асуудлыг дэмжих талаар байр сууриа ч нэгтгээд авав. Цаашлаад долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийх юм гэнэ. МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, “ШИНЭ”-ийн зөвлөл зэрэгцэж мэдээлэл хийх юм байх. Бие даагчид, намаас гарагчид тун ч сүйхээтэй юм. АН-ынхан Дундговийн нэг гишүүнээ хасаад, зургуулаа зөвлөлдөөд байхад гурвуулаа зөвлөж чадахгүй гэж хэн хэлсэн юм. Ер нь АН ч гэсэн гурав гурваараа хуваагдаад, хоёр зөвлөл болчих хэрэгтэй юм. Намын, бүлгийн УИХ-ын дэд дарга гэсэн гурван дарга нь нэгдчихгүй юу. Үлдсэн гурав нь нэг зөвлөл болоход яг таарна.

Саарал ордонд жилдээ ганц, хоёрхон удаа үзэгддэг хэн гуай яах вэ, намаар, зөвлөлөөр дутахгүй. МАН ч гэсэн 64 хүнтэй нэг том бүлэг байхаар хэтэрхий бүдүүдээд байгаа. Түүний оронд гурав гурваараа салаад, зөвлөл болчих. Туниж, уурлаад, намаасаа гарна гэж “эрхлээд” байгаа хоёр нь хүн зовлон нэгтэй хүн байвал нийлж аваад, зөвлөл болчихгүй юу. Гурван үсэгтэй компаниудын төлөөлөл болсон хоёр, гурван хүн бий дээ. Нийлээд зөвлөл болчиход яг болно. Компаниудынхаа эрх ашгийг хамгаалж, тэмцэхгүй юу.  УИХ-д үндэсний бөхийн гурван аварга сууж байгаа. Нийлээд зөвлөл байгуулаад, байгаль орчинтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, тэмцвэл санаа нийлж магадгүй юм. ЖДҮХС-гаас хамгийн их мөнгө “хуссан” гурав нь нийлээд, “Мэдээлэлд ойрхон нь хусдаг хорвоо” гэдэг зөвлөл байгуул.

Өөрсдийгөө болон бусад зовлон нэгтнүүдээ өмөөрөхгүй юу. Эхнэр, хүүхэд, ах дүүгээ мартсан, ой санамж муутай гурав нь бас нэг зөвлөл болчих.  Банкаа дампууруулсан, эмнэлэг, сургуулиа төрд “шахсан” гурав нь нийлж, зөвлөл байгуулж болж байна. Тэгж эрх ашгаа хамгаалахгүй бол нам бүлэг хэлбэрээр ажиллахаар эрх ашиг чинь зөрчигдөөд байгаа шүү дээ. УИХ-д одоо 75 гишүүн сууж байна. Гурав гурваараа зөвлөл байгуулбал 25 зөвлөл болно. Олон намын бүлэгтэй болох боломжгүй хойно ганц, хоёрхон намын олон зөвлөл байвал сонирхолтой. Бүх гишүүнд өөрийн гэсэн эрх ашиг байгаа хойно, түүнийгээ хамгаалахын төлөө зүтгэ. Ирэх сонгуулиар тойрог олдохгүй байж магадгүй гурван хүн байвал зөвлөл болоод, эртхэн ажилласан дээр дээ.