Цэвэрхэн хот, соёлч иргэнийг бий болгох цаг хэдийнэ болсон. Учир нь Улаанбаатар хот сая хол давсан хүн амтай, дэлхийн томоохон хотуудын нэг болчихлоо. Машин, унаа нь багтаж ядан түгжирч, түм түжигнэж, бум бужигнаж байна. Хот томорч, хүн ам нь өсөхийн хэрээр хотжилтыг дагасан олон асуудал үүсдэг. Түүний нэг нь хог. Иргэдийнхээ ухамсарыг дээшлүүлэхгүйгээр хэчнээн тэмцээд ч хогноосоо салж чадахгүй. Тиймээс та Улаанбаатар хотод ирж амьдарч л байгаа бол тал нутагт дураараа дургиж, хаа дуртай газраа бие засаж, хогоо шиддэг дадлаа өөрчлөх л хэрэгтэй.
Гэр хороололд амьдарч байгаа зарим иргэд хашааныхаа хогийг цэвэрлээд, гудамжинд гаргаж хаядаг Хашаа нь цэвэрхэн байвал гудамж хамаагүй гэдэг ядмаг сэтгэлгээнээсээ одоо салах цаг болсон. Хот цэвэр байж хашаа цэвэр байна. Та хашаагаа хэчнээн цэвэрлээд, гудамжиндаа гаргаад хогоод асгачихдаг бол хийсээд л буцаад орчихно. Хашааныхаа үүдэнд гарч ирэхэд дүүрэн хог байвал танд аятайхан санагддаг уу. Хашаан дотор нь хэчнээн цэвэр байгаад нэмэр байх уу. Гудамжинд хаясан хог хотоор дүүрэн хийснэ. Бид уг нь хоггүй, цэвэрхэн, хөгжсөн хотод амьдрахыг хүсдэг. Хоггүй нийслэл таны хашаа цэвэрхэн байхаас эхэлнэ, мэдээж.
Бас гудамж цэвэрхэн байх бүр ч их хамаатай. Гэтэл хувиа бодож, довоо шарлуулсан ядруухан зантай зарим нэгнээс, магадгүй танаас болж бүх нийтээрээ хогтой орчинд амьдраад байна. Тиймээс хашаагаа цэвэрлээд, шуудай, саванд хийгээд ачуулах хэрэгтэй. Хог ачдаг машин нэг үеэ бодвол ойр ойрхон явж байгаа. Ирэх үед нь хогоо гаргаж тавиад, ачуулаад, дор бүрнээ л хичээе. Түүнээс биш гудамжинд хийсч байгаа хог хашаа руу чинь орохоор буцааж гаргаж хаялаа гээд цэвэрхэн орчинд амьдрах нь юу л бол.