ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ядуурлыг яаж бууруулах гэж байгаа юм, үнэнээ хэлчих

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-26

Монгол Улсын төрийг удирдаж байгаа хэдэн хүн  “Тогтвортой хөгж­лийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан байдаг юм байна.  Тэр бичиг баримтаа хаана ч юм нуучихсан байсныг нь саяхан олоод, хэрэгжилтийнх  талаар асуулга тавьж, хэлэлцлээ.

2030 он гэхэд ядуурлыг тэглэнэ гээд тэр бичиг баримтад нь биччихсэн юм байна. Тогт­вор­той хөгжлийн зорилтыг бичсэн, баталсан, хэлэлцсэн хүмүү­сээс асууя. Та нар ядуурлыг яаж буу­руулж, тэглэх гэж байгаа юм, үнэнээ хэлчих.  Бүр хүн амын 80 хувийг чинээлэг дундаж амьд­рал­тай болгоно ч гэж байх шиг.  Бүх ядуу хүмүүсийг ажилтай бол­гоод, орлогыг нь нэмж, дундаж амьд­рал­тай болгоно гэдэгт итгэхгүй л бай­на шүү.

Та нар арай 2030 он гэхэд ядуу гэсэн ангилалд орж байгаа хүн бүрийг экспортод гаргах гэж байгаа юм биш биз. Эсвэл баян болон чинээлэг дундаж давхаргын тоонд орж байгаа хүмүүсээ үлдээгээд, бусдыг нь экспортлох гээд байна уу. Үүнээс өөрөөр ядуурлыг арилгах, тэглэх арга та нарт байна гэхэд итгэх арга алга.  Үнэхээр ядуу хүмүүсээ гадаад руу экспортлохоор төлөвлөж байгаа бол эртхэн үнэнээ хэлээрэй.

Ядаж аль улс руу экспортлогдохоо сонгож болох заалт ч болов оруулахын төлөө тэмцмээр байна, тэр “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хуга­цааны хөгжлийн бодлогын баримт бичигт чинь. Эсвэл ядуу болон чинээлэг дундаж давхаргын хооронд амьдарч байгаа иргэд нь эх орондоо үлдэх боломжтой заалт оруулахын төлөө ч зүтгэмээр байна.  Хэчнээн ядуу ч бидэнд бас сонголт хийх эрх байх ёстой шүү. Үгүй бол та нар 2030 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зурагтаар “Ядуурлыг тэглэнэ гэдэг чинь дөрвөн сарын 1 байсан юм” гэж хэлж, инээлдэхээр эртнээс төлөвлөж байгаа юм уу. Тийм бол бид тэмцэл хийж цагаа үрмээргүй байна. Хамгийн гол нь та нар үнэнээ л хэлчих, тэгэх үү.