ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүгдээрээ таксинд яв

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-27

УИХ-ын эрхэм гишүүн таксинд явж, ард түмнийхээ амьдралтай танилцаж, анхдагч гэд­гээ нотлов. Зургаа цахим сүлжээнд оруулж, өөрийгөө сурталчлаад сүйд байна. Яах вэ, ганц ч болов гишүүн хөрсөн дээр хагас дутуу гишгэж, иргэдийн амьдралын зах зухаас сонсож байгаа нь сайшаалтай.

Цаашлаад нэг өдөр хэдэн хүн үнэгүй унаагаар үйлчлүүлсэн нь аштай юу даа. Эрхэм гишүүнийг суулгасан хүнээсээ мөнгө авсан гэж бодохгүй байгаа учраас ийн баярлаж буй хэрэг. Ер нь хаврын чуулган завсарлахаар нийслэлээс сонгогдсон хэдэн гишүүн минь таксинд явбал яадаг юм бэ.

Ядаж л зуны нэг сар халтуур хийгээд үз. Өдөрт хэчнээн хүн суулгаж, ямар газар очно гэж бодож байна.  Ёстой жинхэнэ хөрсөн дээр гишгэж, зөөлөн суудалд суугаад ургасан “далавч” чинь хэсэгтээ л тасарна. Товчлуур дарахаас өөрөөр мөнгө олоход ямар хэцүү байдгийг мэдэрнэ.  

Та нар минь амьдралд суралцахын хажуугаар ядарсан хэдэн иргэн чинь ганц, хоёр өдөр ч болов үнэгүй таксигаар үйлчлүүлэх боломжтой юм шүү дээ. Тэр дундаа манай Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүдээс шаардаж байна. Хаа байсан Булган аймгаас сонгогдсон гишүүн нутгийн иргэддээ үнэгүй таксигаар үйлчиллээ.

Булганыхан анхдагч гэдэг. Анхны шанг нь татчихлаа. Одоо Сонгинохайрханы хэдэн улстөрчид минь таксинд явж, Нарангийн гол, Зүүн, Баруун салаа руу хүн хүргэж өгөхийг шаардаж байна. Гол нь үнэгүй хүргэж өгөөд, төлбөрт нь амьдрал үз. Булганы гишүүн нэгхэн өдөр яваад хэчнээн олон зүйлийг ухаарсан байгааг уншив уу. Сар явчихвал ард түмэн туйлдаж байгааг ухаарч бүр уйлаад орж ирэх нь тодорхой юм байна. Харин дараа нь таксинд бензин хийсэн мөнгөө нугалж төсвөөс хусав аа, та нар.