Монголчууд тэр тусмаа нийслэлийн ахмадууд нэг үеийг бодоход өөртөө хачин их хайртай болжээ. Өөрт нь сайн гэсэн хамаг сайн бүхнийг олж уугаад, гоо сайхандаа анхаарч, үрчлээнээс сэргийлэх элдэв үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд ч үнэ мөнгө харамгүй зориулах болж. Тэр ч байтугай сүлжээний хэдэн борлуулагч нар хэдэн ахмадуудын буянаар орлогоо таслахгүй явдаг тухай ч ярих болсон нь худлаа биш.
Гэтэл энэ нь нэг талаас харвал биеэ тордож байгаа юм шиг боловч нөгөө талаас өдрийн туршид эм тан ууж, элдвийн гоо сайхны бараа хэрэглэлээ гээд эрүүлжинэ гэсэн үг биш ажээ. Ерөөс хөдөлгөөн бол хамгийн чухал зүйл мөн гэдгийг биднээс бусад нь ойлгоод эхэлчихэж. Энд холын жишээ ч хайх хэрэггүй. Бидэнтэй хил залгаа орших БНХАУ-ын гудамж талбайгаар явсан хүмүүс хэлээд өгнө дөө.
Тэнд ахмадууд нь өглөө эртлэн гарчихаад л элдвийн хөнгөн хэмнэлтэй аянд хэдэн арваараа бүжиглэж байгааг харна. Тэр тусмаа дасгал хөдөлгөөн хийх, өглөө эрт гүйх, орой унтахаасаа өмнө бясалгах гэх мэтээр хөдөлгөөнөөр эрүүл байж болоод байна. Тэдэнд эм уух ч хэрэг алга. Даралт гэж өвчинд дарлуулдаг хүн ч цөөхөн юм билээ. Цаашлаад Австри, Унгар, Герман, Чех, Орос зэрэг орнуудын иргэд ч дасгал хөдөлгөөн хийж, өглөөдөө гүйцгээх болсон.
Энэ нь бүр хэвшсэн. Тэдний дунд ахмадууд ч олон харагддаг. Бие хөнгөний хэрээр сэтгэл амгалан явах юм билээ. Тэгвэл бид юунаас дутах юм. Ахмадууд минь ач зээгээ харж байна, ажил ихтэй завгүй, хөгшин хүн бүжиглэж байвал хөгтэй харагдах биз гэсэн бодлоо орхимоор байх юм. Бүх нийтээрээ гудамжиндаа гараад бүжиглэе. Өглөө эрт хүүхдүүдээ ажилд нь явахаас өмнө гараад хашаа хороо, хорооллоо нэг тойрчихдог болохсон.
Нэг сар гүйчихэд л хөшиж өвдөөд байгаа бие чинь хөнгөн болж, элдвийн эмээр өдөр шөнөгүй бөмбөгдөх хэрэггүй болно доо. Туул, Сэлбэ голоо дагаад хэсэг хэсгээрээ, хороо, багаараа гүйцгээе. Гүйхээсээ өмнө шогшоод ч болов хөдөлгөөнөөр өөрсдийгөө гоёмоор байх юм. Залуус минь ахмадуудаа дэмжээд өглөөд гүйхэд нь цаг гаргаад өгчихөөрэй. Эм тан элдэв зүйлээр эрүүлжинэ гэдэг юу л бол доо.