Маргааш Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр автомашингүй өдөр болгох шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна.
Захирамжид зааснаар, Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төв, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг маргааш 18.00 цаг хүртэл түр хязгаарлах тул боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн ЗДТГ-аас сануулж байна.