УИХ-ын ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдаж, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Авто тээврийн тухай хууль хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн, монгол түмний хайртай аварга А.Сүхбат замын стандарт, чанарыг хөндөв. Тэрбээр, “Зам чанаргүйгээс эвдэрдэг. Эвдэрснээс үүдээд зам тээврийн осол их гарч байна. Мал дайруулах нь их боллоо. Осол аваар ч их гарч байгаа. Би замын стандартын талаар байнга ярина” хэмээв. Ер нь замаас болоод осол аваар гараад, хүн нас бараад байна гэдгийг тэнэг хүнд ч ойлгогдохоор тоо баримттай тайлбарлалаа. Аваргын хэлдэг үнэн.
Буруу талдаа жолооны хүрдтэй машинаас, хурд хэтрүүлснээс, замын хөдөлгөөний дүрэм мөрдөөгүйгээс болоод осол аваар гарч, хүн амиа алдаж, осолд ороод байгаа юм огт биш. Засмал замаас л болж байгаа юм. Засмал зам тавьчихсан юм чинь цагт 50, 60 км хурдтай яваад байлтай биш. Давхиж л таарна. Замын хөдөлгөөний дүрэмд хотын гаднах замд 80 км/ц хурдтай явна гэж заасан. Монголчууд дүрмийг зөрчихийн тулд гаргадаг гэдэгт үнэн голоосоо итгэдэг учраас мөрдөнө гэж байхгүй ээ. Заавал хэтрүүлж, 100, 120 км/ц-ийн хурдтай давхина. Ингээд л осол гардаг. Аварга энэ зүй тогтлыг сайн олж харжээ. Тиймээс тавьсан бүх засмалаа хуулж хаясан нь дээр юм байна. Бүгдээрээ шороон замаар сэгсчүүлье.
Хурд хэтрүүлж, осол аваар гарах нөхцөл байдал шууд л 70-80, бараг 100 хувь буурна. Нэгэнт замаа хуулчихвал замын хөдөлгөөний дүрэмд байгаа хурдтай холбоотой заалтууд ч хэрэггүй. Шороон замаар 100 км/ц хурдтай давхих хүн олдохгүй. Улаанбаатараас Дархан ортол шороон замаар, 20-30 км/ц хурдтай гэлдрээд, бүтэн өдөржин явахгүй юу. Ерөөс монголчууд зам барихаараа зузаан, өргөнөөс нь см-ээр “иддэг”. Чанартай зам тавьж, тэр замаараа дүрмээ баримталж явж чадахгүйгээс хойш аваргынхаа үгэнд орсон нь дээр. Шороон зам харин ч ашигтай, байгаль дэлхийтэйгээ ч ойр.