ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдүүдээ ногоон гэрэл хүлээх тэвчээрт сурга

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-05

Автобусны буудал руу алхаж явтал хажуугаар дунд сургуулийн 4-5 дугаар анги болов уу гэмээр хоёр жаал гүйж өнгөрөв. Хэдхэн алхаад л явган хүний гарцанд тулав. Гэхдээ ногоон гэрэл асаагүй байсан юм. Гэвч өнөөх хоёр жаал огт тоосон шинжгүй улаан гэрлээр гүйгээд гарчихлаа. Машин багатай байсан болохоор “Ядаж гарцаар гарч байгаа нь овоо доо” гэж бодож зогстол цаашаа гүйгээд “100 айл” чиглэлийн төв замын гарцаар гүйж харагдав. Нэг нь түрүүлж гүйгээд, том ачааны машины урдуур хурдалж, замын цаана гарлаа. Жаалыг том машины урдуур гүйхтэй зэрэгцээд ногоон гэрэл асаж, машинууд явж эхэлсэн.

Хэрвээ ачааны машины цаана зогсч байсан жижиг тэрэг огцом ухасхийсэн бол хүүг мөргөх нь ойлгомжтой байлаа. Азаар ойворгон биш тайван жолооч байж таарсан бололтой, ухасхийсэнгүй, аажуухан хөдөлсний ачаар хүү замын цаана осолд орчихолгүй гарч харагдсан. Нөгөө хүү нь гарч амжаагүй учир ногоон гэрэл асахыг хүлээж зогсов.  Улаанбаатар хотын хаана ч явсан иймэрхүү дүр зураг харагдана. Жилдээ тэдэн хүүхэд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна гэдэг. Тэгвэл зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн хэд нь гарцгүй газраар гэнэт гүйсэн бол. Хэд нь гарцаар гарсан ч ногоон гэрэл хүлээж тэвчээгүй, машины урдуур гүйгээ бол оо.

Тиймээс эцэг, эхчүүд минь, эмээ, өвөө нараа хүүхдээ, ач, зээгээ хөтлөөд гарцгүй газраар гүйхээ боль. Улаан гэрлээр машинтай алалцаж гардгаа зогсоо. Таны хүүхэд, ач, зээ илүү амьгүй. Эд эрхтэн нь сэлбэггүй.  Дунд сургуульд элдэв янзын даалгавраар бөмбөгдөж байхаар багш нар нь сурагчдаа гарцаар, ногоон гэрлээр гарах дадалд сурга.  Бүгд л ирээдүй хойч үе болсон үр хүүхэддээ ногоон гэрэл хүлээх тэвчээрт сургамаар байна. Нөгөө талаар, жолооч нар ч гэсэн анхаарал болгоомжоо битгий алд. Захын эгнээний машин хурдаа хасаж байвал хоёр, гурав дахь эгнээнд яваа нь ч гэсэн хас. Тэгэхгүй бол цүнх үүрсэн нэг хэнэггүй хүү гэнэт л үсрээд гараад ирнэ шүү.