О.Баасанхүү гишүүний толгойд “Бүх зүйлд Ц.Нямдорж буруутай” гэдэг шинэ полдер нээгээд өгчихсөн байх, хэн нэг нь. Зун болчихоод байхад дулаарахгүй, хүүхнүүд шилэн оймс өмсөх боломжгүй байгаа талаар гомдолловол “Зун дулаарахгүй байгаа нь дэлхийн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой.
Цаг агаарын өөрчлөлтөд иргэд буруутай. Монголчууд ч гэсэн. Хогоо хамаагүй хаяж, усаа гамгүй хэрэглэж байна. Эрүүгийн хуульд энэ талаар дорвитой заалт оруулаагүй. Хог хаявал Эрүү үүсгэнэ гэсэн заалттай бол цаг агаар өөрчлөгдөхгүй, зун дулаарч, хүүхнүүд шилэн оймс өмсөх байсан. Тэгэхээр насаараа шахуу хуулийн салбарын сайд хийсэн Ц.Нямдоржийн буруу. Тэр л хуулиа олигтой шинэчилж чадсангүй” гэж хариулна. Үхрийн мах үнэд орж, кг нь 16 мянган төгрөг хүрсэн талаар О.Баасанхүү гишүүнээс асуувал хэний бурууг дор нь хэлнэ.
“Монгол Улс 80 сая малтай. Тиймээс мах, махан бүтээгдэхүүнээ экспортод гаргах ёстой. Гэвч Монголд махны үнэ өсөх ёсгүй. Махны үнэ өсч байгаа нь Хууль зүйн сайд муу ажилласных. Тэр Эрүүгийн хуулинд “Ченжүүд махны үнийг зохиомлоор нэмсэн бол. Малчид малынхаа үнийг үндэслэлгүй өсгөж, тэр нь махны үнийн өсөлтөд нөлөөлсөн бол 3-5 жилийн хорих ял онооно гээд заачихсан бол ийм байдалд хүрэхгүй байсан” гэж хариулах байх. Гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, эдийн засгийн өсөлт буурсан ч О.Баасанхүү гишүүн Ц.Нямдорж сайдыг л буруутгана.
“Гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан нь биднээс хамаарахгүй асуудал. Гэхдээ Ц.Нямдорж сайд сайн ажиллаж, гадаадынхны хууль зүйн салбартай хамтраад уул уурхайн бүтээгдэхүүний үнийг буулгавал хариуцлага тооцох заалтыг Эрүүгийн хуульд нь оруулсан бол ийм асуудал гарахгүй байсан” гэж хариулж чадах л хүн. Яг иймэрхүү л байдлаар О.Баасанхүү гишүүн бөөсний онигоо зохиогоод байна даа. Одоо яахав, О.Баасанхүү гишүүнийг өөрийг нь бүх сэдвээр буруутгавал хариуцлага тооцно гэж Эрүүгийн хуульд оруулж чадаагүй нь Ц.Нямдорж сайдын буруу.