АН-ын Зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид Монголд ирж ажилласан. Энэ үе АН-ын гишүүд уулзаж, байр сууриа илэрхийлсэн аж. Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага байна гэдгийг бид хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан. Тухайн үедээ Үндсэн хуулийг өөрчлөхөд гурван шаардлага байна гэдгийг ч хэлсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтээс санал авах зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа асуудлыг засах ёстой гэсэн. Мөн Үндсэн хуулийг хэлэлцэх үед бид зарчмын шаардлага тавина гэдгийг ч тэр үед хэлж байлаа. Энэ байр суурь өнөөдөр ч хэвээрээ.
Үндсэн хуулийг нэг намын бүлэг өөрчлөх эрхтэй юу. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцэж, батлах ёстой. Орж ирсэн төсөл бүгд батлагдаж, олонхийн кнопоор явах ёсгүй. Үндсэн хуулийг хэлэлцэхэд бид мэдээж оролцоно. Гэхдээ нарийн харвал энэ Үндсэн хуулийг сөрөг хүчингүй өөрчлөх нь. Үндсэн хуульд орж буй цаг, таслал бүхнийг нарийн хянах ёстой. Бүх саналыг нягтлах хэрэгтэй. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу, нягталсан уу гэдгийг эргэж харах хэрэгтэй. Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх вий гэдэг болгоомжлол бидэнд бий.
ОУПХ-ны тэргүүнтэй бид анх удаагаа уулзаж, АН-ын лидерүүдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны хэрэгт хамтарч ажиллах санал тавьсан. Хүний эрхийн хорооныхон ирэхэд ч бид энэ саналаа тавьсан. С.Зориг агсны хэргийг бүдгэрүүлчих вий, улстөржүүлэх вий дээ гэдэг болгоомжлол байна. 2020 онд сонгууль болно. Энэ сонгуульд бас л С.Зориг агсны хэргийг ашиглах вий гэж болгоомжилж байгаа. Г.Батхүү агсны хэргийг мөрдөн шалгаж байна. Гэхдээ нэлээд учир битүүлэг шалгаж байгаа юм. Түүний үхлийн шалтгаан нь тархины цус харвалт биш, гадны нөлөөтэй байх магадлалтай гэсэн урьчдилсан дүгнэлт гарсан нь үнэн. АН энэ хэрэгтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, Х.Тэмүүжин ахалж байгаа. Тиймээс энэ хэрэгт бид анхаарлаа хандуулсаар байх болно. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлд орно гэсэн мэдээлэл гарсан, үнэн юм уу?
-Манай намын зөвлөлтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаар ярьж байсан. Тийм яриа гарсан нь үнэн. Албан ёсоор манай Зөвлөлийн гишүүн болох талаар шийдвэр гараагүй байна. ЭНэ бол хувь хүний л шийдвэр.