ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 100 дэмжлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-09

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах гэсэн гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Бүлгийн хуралдаанаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэхдээ МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон Үндсэн хуулийг хэлэлцэхдээ ард түмний саналыг асууна гэснийг баримтлах нь зүйтэй гэж үзлээ. Энэ долоо хоногийн төгсгөлөөс эхлээд хэлэлцэж эхэлнэ гэвэл аравдугаар сар хүртэл үргэлжлэх процесс болж байгаа юм. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд тавдугаар сарын эхээр бүлгийн хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцсэн. Энэ үеэр Я.Содбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сар гаруй ажиллан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үнэлгээ, дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд гэсэн шийдлүүд бэлтгэснийг өнөөдөр ярилцлаа. ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэн, байнгын хорооны шийдвэр гаргана. Захиргааны Ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн долоо хоногт УИХ хүлээж авсан. Хоригийг хүлээж авсантай холбогдуулан уг хуульд өөрчлөлт оруулах төсөл бэлтгэх ёстой. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар төсөл бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулж байгууллаа” хэмээн мэдээллээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэсэн бэ?

-Засгийн газар өөрөө 5.6 хувийн биелэлтэй гэж ирүүлсэн. ЗГХЭГ-т анх ирэхдээ 68 хувийн биелэлтэй байсан. Ажлын хэсэг гарчихсан, ТЭЗҮ хийгдэж байгаа ажлуудыг ажил хийсэн мэтээр тооцсон байна. Бидний хувьд бодит ажил болсныг л тооцож дүгнэлтээ гаргасан. Тийм учраас өмнөх жилүүдийг бодоход бага дүнтэй гарч байгаа. Өмнөх жишгээр дүгнэвэл 60 гаруй хувьтай байна. Хийгээд дуусчихсан бодит ажлуудыг тооцон дүгнэхэд 5.4 хувьтай байна. Энэ дотроо макро эдийн засгийн өсөлт эрс сайжирсан байна.

-Хаврын чуулган хугацаандаа завсарлаж амжих уу?

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн асуудал орж ирж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн асуудал дөрвөн хуулиар зохицуулагдаж байдаг. Бүгд тус бүх хуулийн хугацаатай. Энэ хугацааг бодолцож үзэхэд Үндсэн хуулийн асуудал хаврын чуулганд багтахгүй юм. Тиймээс хэлэлцүүлгийг эхлүүлээд хаврын чуулганаа хаана. Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай болно гэсэн үг. Ард түмнээр хэлэлцүүлэхгүй гэвэл долдугаар сарын 25 хүргэнэ. Ард түмнээр хэлэлцүүлнэ гэвэл аравдугаар сар хүргэнэ.