Дотоодын улс төрийн хэрүүл байтугай гадаадын улстөрчдийн өнгө зүс, өмссөн хувцас, авсан эхнэр, амьдралын хэв маягт анхаарлаа хандуулж, санал шүүмжлэлээ харамгүй хэлдэг шүүмжлэх ур чадвар ганцхан монголчууд бидэнд бий. Хажуу айл нь хашаандаа хогоо ил задгай асгаж, хэн нэгэн нь татсан тамхины ишээ гудамжинд шидэж, нус цэрээ нийж буй жижиг асуудлыг тоохгүй ээ. Тэр бол Чингисийн удамт монголчуудад хэтэрхий жулдсан, тоож ярихааргүй жижигхэн сэдэв. Харин глобальчлагдсан дэлхийд холын Америкийн Ерөнхийлөгчийг шүүмжилж, том сэтгэдэг юм, бид. Тэр ч байтугай Трамп ахын юу өмссөн, эхнэр нь ямар хувцастай байгаа нь бидэнд чухал.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж байгаа бодлогоос илүү өмссөн хувцас, өөх махны талаар маргалдах л гоё. Төмөр өргөж байгаа нь бүр ч дургүй хүргэдэг сэдэв болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын дэлхий дахинд юу хэлж, ямар бодлого сурталчилж яваа нь бус гараа бүсэлхийнээс хуруу ч зай гаргахгүйгээр унжуулж сургах, мөн үсээ толийтол самнаж сургах нь чухал юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг тураах аэробикт явуулъя. Тэд энэ шүүмжлэлийг нэн даруй тусган авч, нэгмөсөн таргалах, эсвэл турах талаар бодож үз гэж зөвлөе. Том дарга нарын нийтлэг төрхөөр сайхан том гүзээ унжуулж, түүндээ багадсан пиджак өмсчихвөл яг л монгол дарга нарын нийтлэг төрх харагдах гээд байна.
Олноос сондгойрч, дарга нарын нийтлэг төрхийг нь эвдээд байгаа учраас л бид уурлаж байна, та хоёрт. Бие бялдраа хөгжүүлэхээ больж, улцгар нялцгар, эсвэл тарган сайхан гүзээтэй болцгоо л доо. Мөн үсээ толийтол тосолж сур. Индрээс хэлсэн үгийг тань бус хийсч буй үсийг тань хараад миний монголчууд хэчнээн бухимдав аа, энэ өдрүүдэд. Та бүхний дэлхий дахинд очиж ярьж буй бодлого бидэнд огтхон ч падлийгүй. Ерөөс нийтээрээ шүүмжлэгч болсон энэ Монголын иргэд юу хүсч байгааг сайтар мэдэрч, яг түүнд нь тааруулж бодлого хэрэгжүүлж сурмаар байна шүү. Хурдан хугацаанд гүзээ суух юм уу, эсвэл ясан хэдрэг болохгүй л бол болохгүй нь. Сонгууль ч ойртчихлоо. Нэг юм бодно байгаа, та хоёр.