Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өчигдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд шинээр баригдсан Батцагаан дуганд эхэллээ. Энэ сарын 21-23-нд үргэлжлэх Ерөнхий чуулганд Энэтхэг, Орос, Япон, Солонгос, Шри-Ланка зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцож байна.
Ерөнхий чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн оролцож, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэндчилгээ дэвшүүлж, чуулганы ажиллагаанд амжилт хүсэв.
“Сэргээе, урагшилъя” уриатай зохион байгуулж буй уг чуулганд таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаач хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлэх юм. Чууулганы хүрээнд “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
1970 оноос хойш Азийн буддистуудын энх тайвны бага хурал 10 удаа буюу 1972 онд Шри Ланка улсад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1970, 1979, 1982, 1990, 1998 онд Монголд, 1986, 2003 онд Лаост тус тус хуралдаж энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэж иржээ.
Монголын өтгөс лам хуврагуудын үүсгэн байгуулсан Азийн буддистуудын энх тайвны бага хурал нь НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгуулагын нэг бөгөөд нэгдсэн удирдлагын төв нь Монгол Улсад байрлан Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их, хамба лам, гавж Д.Чойжамц ерөнхийлөгчөөр нь ажилладаг юм байна.