ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тэнгэр уул”-аас тээж ирсэн бодол

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-28

Тэнгэр шүргэсэн уулс нь цасан малгайгаа духдуулсан Киргизстан улсад очих хувь тохиож, Иссык куль буюу “Ишгэн хөл” нуурын эрэгт хоёр хоночихоод ирлээ. Киргизстаны нийслэл Бишкек хотоор ч орох зав байсангүй. Тус улсын Манас Олон улсын нисэх онгоцны буудалд газардаад л шууд “Киргизийн хөх сувд”-ыг зорьж, оройдоо очсон. 200 мянга орчим хавтгай дөрвөлжин газар нутагтай энэ жижиг орны хөгжлийг автобусны цонхоор харж явахад, манай улсыг ч гүйцэмгүй санагдаж байлаа.

Хажууд нь манай улс, тэр дундаа Улаанбаатар хот өндөр шилэн байшин, өнгө үзэмжит барилгуудаараа гайхуулж болохоор болчихсон доо гэсэн бодол ч төрж байсан. Гэхдээ Монголоос хөгжлөөрөө хоцорч байгаа гэгдэх, хоёр дахин их хүн амтай энэ улс олон талаараа манайхаас илүү гарчээ. Ядаж л усан цахилгаан станц хөгжүүлж, эрчим хүчээ шийддэг юм билээ. Бас аялал жуулчлал манайхаас илүү хөгжсөн. Ногоон байгууламжаараа дэлхийн аль ч оронтой өрсөлдөхүйц, өртөг хямд аж. 

Иссык куль нуурын аялал жуулчлал 

Киргизстаны Манас олон улсын нисэх онгоцны буудалд газардаад,  Иссык куль нуур руу шууд явсан юм. Очих газраа хүртэл бүтэн өдөржин явсан. Замдаа хоолонд орж, валют солиулах гээд хоёр, гурван цаг болсныг эс тооцвол бусад үед нь автобустай “мөлхөөд” өдөржин болсон хэрэг. Зам зуур Киргизстаны байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтоц, уулын уруу яаран буух түргэн урсгалт голыг ажиж явлаа.

Энэ улсад аялал жуулчлал манайхаас хамаагүй илүү хөгжчихөж. Газар нутгийн хэмжээгээрээ манай улсаас 7-8 дахин бага. Уулархаг нутагтай, хөгжих гэж хичээж байгаа энэ оронд ядаж л 100 км яваад аялагчид бууж хооллох, амрах, бие засах цэгүүд байна билээ. Манайд ч 100-аас ойрхон км зайд суурин газрууд бий. Гэхдээ боловсон бие засах газар байхгүй. Монголд гадаадын жуулчдын ирээд хамгийн түрүүнд эдэлдэг зовлон нь энэ. Унаган, онгон байдал, нүүдэлчин ахуй, хот суурин газрууд, дэлгүүр хоршоо гээд бүх зүйл уг нь бий.

Нэг үеэ бодвол зам харгуй ч сайхан болж л байна. Гэвч Монголд Улаанбаатар хотоос гараад л боловсон бие засах газрын асуудал хүндэрч эхэлдэг. Харин Киргиз арай өөр юм. Нуурын эрэг хүртэл явах замд ядаж л 100 км тутамд боловсон бие засах газар байна. Тэгэхээр тэнд аялал жуулчлал манайхаас илүү хөгжсөн гээд хэлчихэд буруудахгүй байх. Нуур явах замдаа “Бурана” зочид буудал байрлах амралтын бүсэд бууж, хооллосон. Ёстой л хүн амарч, тухалж баймаар газар. Зочид буудлын үүдэнд усан оргилууртай, эргэн тойрны тохижилт, ногоон байгууламж нь нүд баясмаар. Хооллох газрын эргэн тойронд хиймэл нууртай, дотор нь олон хун хөвөөд л.

Хаягдал хаймар, дугуй, төмрөөр  янз бүрийн амьтны хөшөө хийгээд байрлуулчихсан. Бяцхан амьтны хүрээлэнтэй, хуучны машины бичил “музей” ч байх жишээтэй.  Гэтэл манайд тийм тохижилттой амарч, хоол идэх, бие засаж буудаллах газар хотын гадна битгий хэл хотод ч байхгүй. Ядаж л Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хар. Сайхан том талбай, дотроо тохижилт муу. Хэдэн зам, тоглоомын талбай, наймаачид гээд л дуусна. Ядаж л бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ тэр зэргийн тохижуулчих хэрэгтэй.

“Бурана”-гаас хөдлөөд  өдөржин явсаар орой Иссык куль нуурын хөвөөнд байрлах “Аврора” зочид буудалд очиж, байрлав. Зочид буудлын зэрэглэл үнэхээр доогуур. Өнөө зочид буудалд олгоод байдаг од “Аврора”-д огт падгүй юм шиг л санагдсан. Яг дээр үеийн оросуудын барьсан байшин тэр хэвээрээ л байна билээ.  Ерөөс Киргизстаны тухай мэдээлэл уншиж байхад Иссык куль нуурыг тойрсон аялал жуулчлал л илүүтэй хөгжиж байгаа тухай бичсэн байна билээ. Гэтэл зочид буудал, хүмүүсийн амрах ая тухад зориулсан хөрөнгө оруулалт бага зэрэг дутсан бололтой. Эрэг дагасан бусад газрын ямрыг үнэндээ мэдээгүй.

Очсон газарт байх зочид буудлыг шинэчлээд, сайхан барилга барьчихвал гэж бодогдсон хэрэг. За тэр зочид буудал ч яахав, хэчнээн муудлаа гэхэд манайхны сайхан байгальтай газар барьчихсан байдаг хэдэн навсгар гэрээс л муудав гэж. Хамгийн гол нь орчин тойрны тохижилт. Зочид буудлын эргэн тойрон дахь орчин үнэхээр цэвэрхэн, тухтай. Ногоон байгууламж нь нүд баясгам. Нуурын эрэг хүртэл чулуун болон цементэн замтай. Зам болгоны хоёр талаар төрөл бүрийн мод тарьж, зөрөг шиг болгочихсон. Нуурын эрэг дагуу ойр ойрхон зогсоолтой.

Иссык куль давстай нуур учраас усан орчихоод гарч ирээд дор нь зогсох шүршүүрийг хүртэл шийдээд өгчихөж. Нууран дээгүүр усан онгоцтой аялаж болох олон янзын хөтөлбөрүүдтэй. Усан парктай. Усан онгоцоор аялж байхдаа аврах хантааз өмсөөд, нуур руу үсэрч болох сонирхолтой, хүний сонирхлыг татах, нөгөө талаар адерналин ялгаруулах хөтөлбөр ч байна билээ. Буйр зэрэг зундаа бүлээхэн, дулаан байдаг нуурын эрэг дагуу аялал жуулчлал хөгжүүлж байгаа хүмүүс хэрэгжүүлж болохоор л санаа. 

Киргизстанд жимс, хүнсний бүтээгдэхүүн хямд, харин манайд

“Ишгэн хөл” нуурын усанд сэлж, завиар зугаалж, орой нь бяцхан дуулж, хуурдсан бид хоёр хоноод буцсан. Буцахдаа зам зуурт байрлах дэлгүүр, хоршоогоор дайраад гарсан юм. Манайхаар бол хөдөө байх төв зам дагуух л жижиг суурин. Хүнсний болоод барааны цөөнгүй дэлгүүртэй. Гадаа суугаад, жимс, ногоо зардаг хүмүүс ч тэнд нэлээд олон байсан.

Хамгийн гоё нь жимс, хүнсний бүтээгдэхүүн Монголоос 2-3 дахин хямд.  Киргиз алим 400 мянган төгрөг орчим. Гүзээлгэнэ нэг кг нь 2000 төгрөг. Хиам гэхэд л кг нь 4000, баяслаг мөн адил үнэтэй. Ерөөс үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн, чихэр, жигнэмэг, боорцог, талх маш хямд. Яг энэ жишгээр бол манайд мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай арьс, ширээр хийсэн гутал, хувцас хямдхан байх ёстой.

Мөн ноолууран бүтээгдэхүүн ч гэсэн хямд байх боломж ч бий. Гэтэл бид эх орондоо үйлдвэрлэж байгаа юм бүхнээ үнэтэй авдаг.  Үхрийн мах нэг кг нь сүлжээ дэлгүүрүүдэд 16 мянган төгрөг хүрэх жишээтэй. Ганц зөвтгөж болох нь монгол төгрөгийн ханш сул. Нэг ам.доллар 2600 төгрөг давсан. Харин Киргизстаны 68 сом нэг ам.доллартай тэнцүү. Манайхаас мөнгөний ханш нь 40 дахин хатуу гэсэн үг.

“Тэнгэр уул”-ын  ногоон орон 

Википедиагаас хайж үзэхэд Киргизстаны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 оны байдлаар 2452 ам.доллар байж. Ерөнхийдөө манай улстай ойролцоо гэсэн үг.  Манай улсын хувьд 2017 оны байдлаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3.7 мянган ам.доллар байсан. Хэдийгээр Киргизстаны үндэсний мөнгөн тэмдэгт болох сом манай төгрөгөөс 40 дахин өндөр ханштай ч эдийн засгийн хувьд ойролцоо. Гэхдээ л Киргизстан ногоон байгууламжаараа аль ч орныг ардаа орхихоор гээд хэлчихэд хадуурсан болохгүй байх.

Ерөөс  Киргиз ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс л Бишкек “Цэцэрлэгт хүрээлэн хот” гэсэн тодотголтой байж.  Одоо ч гэсэн ногоон байгууламж, сонирхолтой хэлбэр бүхий модоор баян улс юм. Бид Бишкек хотоор орж, танилцаагүй. Гэхдээ хотын хажуугаар өнгөрч, нуур руу явах замд ногоон байгууламжаар ямар баян болохыг нь хангалттай мэдэрсэн. Тэр дундаа нуурын эрэг, зам дагуух амралтын цэгүүдийн ногоон байгууламжийг үнэхээр биширч явлаа. Харин манай улсад ногоон байгууламж бий бил үү. Хотоос гараад, зам дагуух суурин газруудад битгий хэл Улаанбаатарт ч олигтой ногоон байгууламж байхгүй. Байгаа хэдэн модоо ямар нэг шалтгааны улмаас тайраад, хөрөөдөөд дуусч байна.

Жил бүр мод нэмж тарьдаг гэдэг ч ургаад гийгүүлж байгаа нь алга. Улаанбаатар хотын ногоон байгууламж зохистой хэмжээнээс 10 дахин бага байгаа талаар ч тоо баримт байна. Мэдээж Монгол Улс Киргизстаныг бодвол 6-7 дахин их газар нутагтай. Хүн амын хувьд хоёр дахин бага. Гэх мэт шалтгаан хэлж болно. Гэхдээ л мод тарьж, ургуулдаг компаниудтай гэрээ байгуулаад, тарьсан мод нь ургахгүй бол хариуцлага тооцоод ажиллавал ногоон байгууламж дорхноо л нэмэгдэнэ. Бид ядаж л эдийн засаг, хөгжлөөрөө манайхаас илүүгүй орноос дор байхгүй юмсан даа. Ядаж л мод тарихдаа мөнгө “идэх”-ээ больчих, дарга нар минь.