ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголын ардчилалд Жошуа Вонг, Малала Юсафзай шиг дүр хэрэгтэй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-17

-“Босоо хөх Монгол”-ынхон шиг, Б.Жагар шиг залуус олшрох тусам амиараа дэнчин тавьж авчирсан ардчилал тань “булшлагдаж” магадгүй л юм-

...-Шашны итгэгчээс тэмцэгч болох замыг сонгосон 23 настай залуу өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхийн лидерүүд түүнтэй гар барьж, хүсэл мөрөөдөл, хүрэх гэсэн зорилгыг нь анхааралтай сонсох болов. 13 настайгаасаа л нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 18 настайдаа “Шүхэрт хувьсгал”-ыг эхлүүлэн, дэлхийд танигдаж байсан Жошуа Вонг. 

-Охидын сурах эрхийн төлөө талибанчуудтай тэмцэж, толгойдоо үхлийн шарх авсан ч тэмцлээ зогсоогоогүй, дэлхийн хамгийн залуу Нобелийн энхтайвны шагналтан Малала Юсафзай. Тэр мөн л эрх чөлөөний төлөө тэмцэгч. 

Эд хүн бүхний хамгийн энгийн үнэт зүйл болох эрх чөлөө, сурч боловсрох эрхийн төлөө тэмцэж байгаа юм. Тэд ардчилсан үзэл баримтлал, ардчилал гэж юу байдгийг дэлхий дахинд тодоор харуулах гэж хичээж яваа шинэ цагийн залуусын төлөөлөл. Тэртээх 30 жилийн өмнө “Хонхны дуу”-г Төв талбайд дуулж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж байсан анхдагчдын адил үнэт зүйлийнхээ төлөө  “тод” дүр болон гарч ирсэн залуус. Тэгвэл Монголын ардчиллын гол дүрүүд одоо хаана яваа юм бол. 30 жилийн настай ардчиллын гол дүр нь өнөөдөр хэн юм бэ. Энэ асуултыг та өөрөөсөө асууж, бас нэрлэх гээд үзээрэй.

Улсын баатар, хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, НИТХ-ын дарга асан Да.Ганболд, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, ҮХ-ны сайд агсан С.Зориг гээд олон хүнийг нэрлэж болно. Өдгөө 50 насны босгыг алхаж, 60 шүргэж яваа анхдагчид буюу эдгээр ах нар тэр цаг үедээ өөртөө оногдсон үүргээ хамгийн сайнаар биелүүлснийг хэн ч үгүйсгэхгүй.

Тухайн цаг үедээ эдгээр анхдагчид Жошуа Вонг байсан юм. Монголчуудад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн өмчтэй байх, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах үнэлж барамгүй эрх чөлөөг тэд олж ирсэн нь түүхэн үнэн. Хүйтэн өвлөөр цементэн шалан дээр тайван жагсаал, суулт зарлан байж олж ирсэн эрх чөлөөг нь харин монголчууд 30 жилийн хугацаанд буруу, зөвөөр хангалттай эдэлжээ.

Ардчиллын анхдагч Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн гүтгэж, доромжлох эрх чөлөөг бидэнд өгсөн нь хамгийн үнэ цэнтэй аж. Жошуа Вонг, Малала Юсафзай хоёрыг жишээ болгож эхлүүлсэн энэ нийтлэлийг бичих эрх чөлөөг ч надад олгосон юм, ардчилал. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэмцэж олсон ардчиллаа тэдгээр анхдагчид бидэнтэй л адилхан зөв, буруугаар ашигласныг түүх гэрчилнэ. Эрх мэдэлд хүрсэн даруйдаа буюу эрх баригч нам болсныхоо дараа /1996-2000 он/ Засгийн газраа дөрвөн удаа огцруулахад нь “нялх юм шүү дээ, бидний ардчилал” хэмээн өмгөөлж байлаа. Хуйгаараа гудамжинд гарч, “лааз” өшиглөж явахад нь “алдсан юм, зайлуул” хэмээн өмөөрч явлаа.

Нэгдэж нийлсэн үнэт зүйлээ гээж, дундаа бүлэглэл, фракци болон хуваагдахад нь ч “идэр залуухан байна шүү дээ, алдахгүй яадаг юм” гэж хамгаалан зогссоон, монголчууд. Үнэт зүйл рүүгээ нулимж, үзэл бодлоосоо ухарч, нөхөрлөж явсан нэгнээ хэмлэсэн эдгээр он жилүүдэд алдаатай нь хамт ардчиллыг өмгөөлсөөр өнөөдөртэй золгов. Хамгийн том алдаагаа өнгөрсөнд үлдээсэн байгаасай, харин ирээдүйг илүү өөрөөр зураглаасай гэсэн олон зуун мянган хүмүүсийн итгэл одоо ч хэвээрээ бий шүү. Тиймээс л бид ардчилалд итгэдэг юм, итгэсээр ч байх биз.

Ардчилал харин өдгөө 30 нас хүрчихлээ. Алдах, бүдрэх бүх л дэврүүн үеэ давчихлаа гэсэн үг. Хийж бүтээх идэрхэн насандаа ирсэн ч түүчээлж ирсэн дүрүүд нь харин бүдгэрчихсэн байх аж. Цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр гол дүрүүд үнэ цэнээ алдаж, өнөөх тэмцэж олсон шүүмжлэх, гүтгүүлэх эрх чөлөөнийхөө цаламд гарч чадахгүй болтлоо хүлэгдчихжээ гэвэл үнэнээс тийм ч хол зөрөхгүй болов уу. Зарим нь багаа хуулж, замын дундаас гээгдчихлээ. Тиймээс л идэр залуухан ардчилалд цаашдаа шинэ гол дүрүүд хэрэгтэй байгаа юм. Гучин намар, гучин өвлийг алдаа, амжилттай нь хамт туулсан ах нараасаа залуу үе нь суралцаж, ирэх өдрүүдэд Жошуа Вонг, Малала Юсафзай нар шиг нэн шинэ үзэгдэл, нэлээд олон тод дүрүүдийн эрэлд мордох цаг нь болжээ. 

Шинэ цагийн залуусын луужин болох ёстой юм 

Монголд тэмцэх ёстой сэдэв дэндүү олон байгаа. Үүнийг шинэ цагийн залуус бид мэддэг юм. Ялтан солилцох хууль байтугай ялзарч бугшсан асуудал Монголд хэдэн арваараа байна. Авлига, албан тушаалын дуусашгүй шунал, эрх мэдэлтнүүдийн толхилцоон олон мянган залуусаас боломжийг нь булаалаа. Хулгай луйвар, худал хуурмаг бүхний төлөө тэмцэхийг хүсч байгаа, тэд. Би ч тэдний төлөөлөл.

З.Нарантуяа гишүүний хэлсэнчлэн нийгмийн ялгарал тэнгэр газар шиг болсон 30 жилийн алдааг залруулахын төлөө тэмцэж, үгээ хэлэхэд бэлэн байвчиг чиглүүлэх луужин бидэнд алга. Хүүхдийн эрх ярьсан тэмцэгч нь албан тушаалд очихоороо таг мартчих юм. Утаа ярьсан нэг нь улс төрийн намын халаасанд ороод дуугүй болчихно. Тэмцэл бүхэн нь улс төрийн шинжтэй болж, тэнд гол дүр бүтээж байгаа бүхэн шантаажлагч, улс төрийн аль нэг намын эрх ашигт үйлчлээд ирэхээр хэнд итгэж залуус бид гудамжинд эрх чөлөө, эрх үүрэг ярьж цуглах ёстой вэ.

Ардчилал төгс утгаараа хөгжихөд хамгийн том тээглүүр болж буй авлига, тэгш бус өрсөлдөөн, эрх мэдлийн ялгавартай байдлын төлөө тэмцэхийг хүсэвч ардчиллын “бүдгэрсэн” гол дүрүүдэд итгэх итгэлээ алдчихаад байна. Коммунист угшилтай тэмцэгчдийн тухайд бүр яриад ч хэрэггүй. Яагаад гэвэл, 30 жилийн хугацаанд ардчиллын анхдагчид том бүдрэх үедээ эрх мэдлийн төлөөх тулаанд нэр холбогдож, бас тэргүүн эгнээнд нь оройлж байсан учраас хэнд итгэхээ, хэнийг даган дуурайж, хэнээс үлгэр жишээ авахаа ч мэдэхгүй болчихоод байгаа юм, залуус. Тиймдээ ч өнгөрсөн үеийг л сайхнаар дурсаж, өнгөрсөндөө амьдрахыг хүсэх боллоо, манай үеийнхэн.

Тухайн цаг үедээ л сайн удирдагч байсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалыг тахин шүтэх үзэл залуусын дунд илт анзаарагдах болжээ. АН-ын нөлөө бүхий эмэгтэй улстөрч “Залуус өнгөрсөнтэйгөө хэтэрхий зууралдах боллоо. Ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж байна. Ардчиллыг үгүйсгэдэг, аав ээжийнх нь үед буюу социализмын үед бүх зүйл сайн, сайхан байсан мэтээр итгэж, түүнийг даган дуурайж, хүсэмжлэх боллоо” хэмээн ярьж байсан юм. Энэ бол туйлын үнэн. Залуу үед ирээдүйдээ итгэх итгэл алга байгаа нь үнэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаагаар авч үзвэл, 1.8-2 жилээр Засгийн газар нь солигддог, сонгогчдын боловсрол нь 20 мянган төгрөгөөр хэмжигдэж байгаа энэ цаг үеийг сайхнаар төсөөлөх гээд ч ой тоонд ордоггүй юм билээ. Өөрчлөлт хийх цаг үе нь ирсэн, бид түүнийг эхлэх ёстой гэдгээ мэдэвч луужингаа олоогүй байгаа юм. Тэгвэл түүнийг өөрчлөх боломж, өөрчлөлт хийх торгон мөч Ардчилсан намд одоо л гарч ирж байна. Өнгөрсөн алдаа­наасаа суралцаж, ирээдүйг илүү өөр болгох үүрэг бидэнтэй нас чацуу ардчиллын хамгийн том даалгавар болох нь ээ. Ардчилал нэг намын биш хүн бүхний өмч ч гэлээ түүнийг удирдан чиглүүлэх үүрэг хүлээж авсан улс төрийн намын хувьд ирэх өдрүүдэд энэхүү түүхэн үүргээ биелүүлэх ёстой болно. Угтаа, ардчилал шинэ цагийн залуусын луужин болох ёстой юм. 

Эрэлд мордсон гурван жил 

Мэдээж, АН-ынхан морд­соон. Ялагдлаасаа хойшхи гур­ван жилийн хугацаанд эрэл хайгуулд гарлаа, тэд. Намын дүрмээ шинэчлэн батлахдаа үзэл баримтлалаа тов тодорхой болгож, үнэт зүйлээ намынхаа бүх гишүүд, дэмжигчдэд зарлав. Дотоод ардчиллаа илүү ойлгомжтой болгож, ротаци буюу “эргэлтийн сонгууль” хийдэг болсон байна. Өөрөөр хэлбэл, ардчиллын гол дүр болохыг хүссэн хэн бүхэнд хаалгаа дэлгэсэн ч ард нь хариуцлага, сахилга батыг нэхдэг болсон нь сайшаалтай хэрэг. Нэн шинэ үзэгдлийн салхи салхилж байна. Намын удирдах түвшний бүх албан тушаалтан нь бүх нийтийн сонгуулиар буюу нийт гишүүдийнхээ саналаар томилогдож эхэллээ. Энэ нь сонгодог ардчиллын тов тодорхой жишээ болж, суурьших биз ээ.

Амжилт, ал­дааг нь хамт үүрэх ёстойг са­нуулж, ардчилал илүү сонгодог утгаа олох гэж оролдож буй энэ гурван жилд “ардчилал” гэх баг өмссөн олон хүн хэн байснаа тов тодорхой харууллаа. “Би ардчиллын анхдагч, энэ эрх чөлөөг чинь би олж ирсэн юм” хэмээн “дэвж” байсан олон хүний ориг дүр нь танигдаж, багаа хуулахаас аргагүй болов. Ардчиллын нэрээр албан тушаал бүрт хүрч, алдах, ялагдах үед нь зугтаж оддог олон хүн замын дундаас гээгдэж, залуу үедээ гологдож эхэллээ. Угтаа, 30 жилийн дараа л ардчилал цэвэрлэгдэж, бугшсан идээ бээрнээсээ салах боломж нь тохиож байх шиг. Яг л миний хүсээд буй урам зоригтой ирээдүй, үнэт зүйлстэй залуу үеийн эрэлд мордсон гурван жилийг өнгөрүүлжээ.

Шинэ үеийн залуус, шинэ дүр олох эрэл нь “Шинэ давалгаа-Андууд” хөтөлбөрөөр илүү бодит болон хэрэгжимз гэж хүлээж сууя. Ардчиллын ирээдүйн 30 жилд гол дүр байх, шинэ цагийг эх орондоо бүтээх эздийг олох эрэл нь ч амжилттай болж чадвал алдаагаа өнгөрсөнд орхиод амжилтаар урагшаа тэмүүлнэ гэсэн итгэл ч залуу үеийнхэнд төрж эхэлснийг дөрөвхөн өдрийн өмнө Төв талбайд өрнөсөн үйл явдал нотолж өгөв. Тодруулбал, дөрөвхөн хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр Төв талбайд олон мянган залуус ардчиллын ирээдүйн 30 жилийг өнгийг зураглахаар цуглацгаав.

Төв талбайн индрээс хоёр залуу илтгэл тавьсан юм. Охайо мужийн Кливленд хотын сагсан бөмбөгийн багийг жишээ болгосон Нийслэлийн АЗХ-ны тэргүүн Э.Өлзийбаярын илтгэл олон залуусын урам зоригийг сэргээв. “Тийм ээ, тов тодорхой” гэх бахдал дүүрэн уухай залуусын дундаас сонсогдож байсан нь хэчнээн урамтай. NBA-д анх удаа түрүүлэхийн тулд хотоороо тэмцэж, хүн бүхэн сэтгэл гаргасны үр дүнд түрүүлж чадсан түүхэн ялалтын жишээгээр шинэ үеийнхнийг өөрчлөлтөд дуудлаа. Төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлт, ялалтын төлөө залуу хүн бүхэн тэмцэх ёстойг уриаллаа.

Яг л ийм тэмцэгч, яг л тийм шинэ дүр энэ намд, энэ ардчилалд хэрэгтэй байгаа юм. Илтгэл тавих айдсаа даван туулж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж чадсан шавилхан биетэй бүсгүйг шинэ залуу үеийнхэн даган дуурайж, итгэж дагах билээ. Ийм залуу үеийг л олноор бэлтгэх ёстой юм, ардчилал. Харин Л.Болдыг, Ж.Батзанданг залуучууд ардчилал гэж хардаггүй юм. Тэмцэгчийн дүртэй популистууд ардчиллын дүр болох учиргүй юм шүү. Тэднийг даган дуурайж эхэлбэл Монгол Улсын хувь заяа юу болох вэ. Залуус бид хаашаа хөтлөгдөх билээ. “Босоо хөх монгол”-ынхон шиг, Б.Жагар шиг залуус олшрох тусам амиараа дэнчин тавьж авчирсан ардчилал тань “булшлагдаж” магадгүй л юм. Бид ийм ардчиллыг хүсээгүй ээ.