ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

32+32=?

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-20

Аядуу зөөлөн даргынхаа ард асаалттай танк шиг зогсч байгаа 32-ын бүлгийн атаа хорсол чинээндээ тулсан энэ өдрүүдэд Ардын намынхан Төрийн ордонд хөл хорио тогтоочихоод зодолдож байна.

Хаалттай хаалганы цаадах хурал нь олон нийтэд нээлттэй болж, “У.Хүрэлсүх Д.Гантулгаа аваад үлдмээр байна гэж гуйжээ”, “А.Сүхбат аварга уг нь залуу хүнийг аваад үлдмээр байх юм. Даанч архи уугаад байх юм гэж хэлсэн гэнэ”, “Эмэгтэй гишүүд нь хоёр хуваагдаж, М.Оюунчимэг, Ц.Гарамжав хоёр хүчингийн хэрэгт холбогдсон улстөрчийг хамгаалж кноп дарсан” гэх мэтээр элдвийн тайлбартайгаар соошл орчинд тархаж байх юм.

Танхимын үүдээр өнгөрсөн хэн нэгэн этгээд энэ бүхнийг сонсч байна хэмээн сэтгэсэн үү, юутай ч тэд Жанжин Д.Сүхбаатарынхаа танхимын хоёр талын хаалгыг тас хааж, тусгайгийн хамгаалагчаар сахиулж байгаад хэрэлддэг болов. Ингэсэн ч тусыг эс олсон. Угтаа дотоод тэмцлээ үргэлж нууж байсан 90 гаруй жилийнх нь туршлага 32:32 болж хуваагдсан, тулаантай энэ өдрүүдэд тус болж чадсангүй. Эмэгтэй улстөрчид нь хүртэл ирүүл тулаанд нэгнээ дуудаж, элэг уушгиа нээлцэн олон нийтийн сүлжээгээр булайгаа дуудалцав. Бүлэг хуралддаг өрөөндөө багтаж шингэхээ ч больсон сурагтай.

МАН-ын бүлэг албан болон албан бусаар хуваагдсан нь эртнээс тодорхой байсан ч, “бандааш”-ны хэрэгт холбогдсон залуу улстөрчийнх нь асуудал тэднийг ханцуй шамлан зодоондоо шуудрах шалтгаан болжээ. Гэвч тэдний тулаан дөнгөж эхэлж байна. МАНдуулсан улс төрд аядуу зөөлөн дарга ба түүний хөгжөөн дэмжигчид үлдэх үү, аль эсвэл хурандаагийн баг ялгуусан амжилт байгуулах уу гэдэг хувь заяаны салаа зам дээр тэд ирчихлээ. Маргааш хэн ялсан нь албан тушаалтайгаа, бас Ардын намтайгаа үлдэнэ.

Д.Гантулгын орыг эзлэхийн төлөөх “тулаан” МАН дотор ил шулуунаар өрнөж эхэлсэн ч МАНайхан хэнийг явуулахаа тохироогүй байгаа аж. У.Хүрэлсүх гэсэн таамаг яригдсан ч татгалзсан гэх яриа бий. Учир нь тэр ялагдвал МАН-ын даргын тамгыг гуядаж авсан амжилт нь юу ч биш болно. М.Энхболдыг өмнөө сөхрүүлсэн тэр бардамнал нь салхинд хийсч одох билээ. Тиймдээ ч нүдээ аниад өөр нэгнийг зүтгүүлэхээр шуударчээ. Хэнтийн нөхөн сонгуульд хэнийх нь улстөрч нэр дэвшиж, бас ялалт байгуулахаас ирэх өдрүүдийн зураглал бичигдэх нь нэгэнт тодорхой асуудал.

Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн тал “тулаан”-д нэгээр илүүрхэж байсан ч онооны харьцаа 32:32 болчихлоо. Энэ тохиолдолд төрийн ажил ч явахгүй, таг гацна. Нам доторх зөрчил нь ч “зэлтэрийн гацаанд” орчихоод байгаа юм. Явах зам хавцал дундуур ганцхан байгаа ч хоёр гарц дээрээ тэд тус тусын нум, сумаа барьчихаад хэн хэнээ отоод суучихав. Алдаж гишгэсэн, гарах гэж тэмцсэн нэгнийхээ араас сум байтугай хутга ч шааж үзэв. Ирэх өдрүүдэд харин хэн нь мэргэн сум тавьж, нумаа нууж үлдэх нь сонирхолтой.

Урьдчилсан байдлаар хурандаагийн баг эхний сумаа тавьчихлаа. Залуу улстөрчөөрөө “туг тахиж”, М.Энхболдын алдарт 60 тэрбумын хэргийг дахин сэдрээж эхлэв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний “М.Энхболд огцрохгүй бол би хуралдаа суухгүй” гэх шантааж хурандаагаас явуулсан эхний туршилтын сум байжээ. Харин аядуу зөөлөн дарга маань ч мөчөөгөө өгсөнгүй эргүүлээд нумаа эвшээлгэв. “60 тэрбумын хэргийг хаасан” гэх баримтуудыг сөргүүлж, хуульчийн чадвараар айлгах тактик ч хэрэгжүүлж үзлээ. Энэ бол ердөө хэн хэн рүүгээ илгээсэн туршилтын сум байсан юм.

Харин маргааш, нөгөөдөр МАНдуулсан 64 улстөрч жинхэнэ утгаараа цэц мэргэнээ сорино. Наадам ч дөхчихөж. Төрийн ордны хоёр хаалга байтугай тэр чигээр нь түгжчихээд ч  тулалдаж мэдэхээр нөхцөл байдал бий болчихоод байгаа юм. М.Энхболд УИХ-ын даргаар үлдэх үү, эсвэл У.Хүрэлсүхийн танхим нуран унах уу гэсэн энэхүү тулаанд хэн гавшгай, цэц мэргэн харваачтай нь тунаж үлдэх биз ээ. Нэгэнт дотооддоо эвдрэлцсэн хоёр бүлгийн уулзаж буй ганцхан цэг нь Н.Энхбаяр. М.Энхболдын талд ч Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр ялалт байгуулах нь ашиггүй. У.Хүрэлсүх харин энэ тухай бодохоос ч айж суугаа.

Тиймдээ ч эмзэг цэг нь тэднийг ирэх өдрүүдэд эвлэрүүлж, 64-ын бүлгээ эргээд 65 болгох уу, эсвэл 2020 онд хуйгаараа ялагдал амсах уу гэсэн хэцүүхэн сонголтын өмнө ирээд байна. Хэрхэхийг урьдчилж таашгүй ч хурандаагийн бодолд харин багтсан нь дамжиггүй биз ээ. Учир нь тэр намын дарга. Тиймдээ ч хэнийг явуулах вэ гэдгийг түүний гарын үсэг шийднэ. Бас 32-ын бүлгээ ч 31 болгочихгүй хадгалж үлдэх эрх ямба нь түүнд намын даргын суудалтай хамт ирсэн учраас аядуу зөөлөн даргаа албан тушаалаас буулгаж дөнгөх чадал ч бас бий. 2020 онд хүссэн ч эс хүссэн ч У.Хүрэлсүхийн гараас тойрог авах улстөрчид түүнтэй арсалдахыг хүсэхгүй нь мэдээж билээ.