ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Поп”-ууд тодорч, “топ”-ууд арчигддаг тогтолцоог МАН сонголоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-18

 Намын дарга У.Хүрэлсүхийн рейтинг байж болох хамгийн өндөр хэмжээндээ байгаа алтан боломжийг ашиглаж, Ардын намынхан тойрогтоо 50 улстөрч явуулчихаад 26 улстөрчөө намын нэрээр Монгол Улсын хэмжээнд сойхоор бэлтгэлээ базааж байв. Гэвч УИХ дахь олонхийн бүлэг Сонгуулийн хуулийг хэлэлцэх хугацаа дөхсөн энэ өдрүүдэд шийдвэрээ гэнэтхэн өөрчилж, өргөн барьсан төслийнхөө хувилбарыг өөрчлөх шийдэлд хүрчээ. Бүтэн жил гаруйн хугацаанд “нухсан” Л.Энх-Амгалангийн ахалсан хуулийн төслөөр бол 26 улстөрч МАН гэсэн малгай өмсөөд улсын хэмжээнд сурталчилгаагаа хийх байв. Гэхдээ 2012 оны хувилбар шиг намыг нь дугуйлахгүй учраас жагсаалтад эрэмбэлэгдсэн 26 улстөрч болгоны нэр хүнд нь У.Хүрэлсүх дарга шигээ рейтингээрээ толгой цохихоос өөр аргагүй болно. Нэр, гар цэвэр 26 хүн улсын хэмжээнд сурталчилгаа хийнэ гэсэн үг л дээ. 

Тэр утгаараа У.Хүрэлсүх намынхаа аль л өнгөтэй өөдтэй бүхнийг өөрийнхөө чиргүүл болгочихоод 21 аймаг, есөн дүүргийг тойрох хэрэгтэй байсан. Гэтэл намдаа дэнчингийн мөнгө өгчих бэлтэйгээс гадна жагсаалтын 26-д эрэмбэлэгдэх зангарагтай улстөрч хүсэхэд хясна гэгчээр нам дотроос нь олдсонгүй ээ. Дийлэнх олонхи нь ЖДҮ, хулгай, авлига, хүчингийн хэрэгт нэр холбогдчихсон байгаа. Намын дарга нь өөрөө “хулгайч нарыг нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн учраас яалтай ч билээ. Нөгөө л хуц ухна тавьчихсан аятай хэдэн ахмадаа дагуулаад явахыг хүссэн ч нийгэм хүлээж авахгүй нь тодорхой болов. Угтаа “өргөн барьчихлаа, одоо хэлэлцэнэ ээ” хэмээсээр арав гаруй хоногийн хугацаанд яригдсан 50+26 хувилбар зөвхөн олон нийтэд тавьсан тест төдий байжээ. Нөгөөтэйгүүр, 220 гаруй мянган гишүүн нэг бүрээр хэлэлцүүлж, 26 хүн олох, эсвэл өөрийнхөө фракци дотроос тавих өөр нэг хувилбар байсан ч “Хотын фракци” болон залуу гишүүд нь энэ хувилбарыг хамгийн их эсэргүүцэж буй юм. Нэгэнт л хугацаа дөхсөн энэ үед дэмжлэг авахгүй байх магадлалтай хувилбар хэлэлцүүлж, тэр нь уначихвал 2016 оны нэг мандат бүхий 76 жижиг тойрогтой мажоритар тогтолцоогоор явуулахаас өөр аргагүй болох учраас намын дарга эцсийн мөчид аль, аль талдаа тал зассан хувилбарыг дэмжихээс өөр аргагүйд хүрчээ. Тиймдээ ч олонхийн бүлэг өчигдөр “сүргээрээ” цуглацгааж, 90 гаруй хувийн ирцтэйгээр Удирдах зөвлөлөө хуралдуулан олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоог сонгоход хүрлээ. Энэ хувилбараар Монгол Улс хоёр удаа сонгууль зохион байгуулсан түүхтэй юм. Тодруулбал, 

  • -1992 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулж, 293 хүн өрсөлджээ. Улс төрийн 10 нам эвслээс 275 хүнийг нэр дэвшүүлсэн. 26 тойрогт 76 хүн сонгогдсоны 70 нь МАХН /одоогийн МАН/, МоАН-МҮДН-НН-ын эвслээс ердөө дөрөв, МСДН-аас нэг, бие даагч нэг хүн тус тус сонгогдож, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. 
  • -2008 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулж, 356 хүн нэр дэвшсэн. Улс төрийн нам эвслээс 311, 45 бие даагч өрсөлджээ. Эндээс МАХН/ одоогийнн МАН/ 46, АН 27, НН-ИХН-ын эвсэл нэг, ИЗН нэг, НН-аас нэг, бие даагч нэг сонгогдож, тангараг өргөсөн. 

...Угтаа хоёр удаа ашиглахад хоёуланд нь МАН жагсаалтын нэгдүгээрт эрэмблэгддэг гэдгээрээ илт давуу, эсвэл олонхи бүрдүүлэх эрхийг сонгогчдоос авч чаддаг учраас энэ удаа ч аз сорьсон хувилбар бус олонхи болгодог хувилбарт итгэхийг илүүд үзлээ. Олон мандаттай мажоритар тогтолцоог ашигласнаар улсын хэмжээнд 26 тойрог гарах бөгөөд нэг тойрог нь хамгийн багадаа хоёр, ихдээ дөрвөн мандаттай болно. Ингэснээр улс төрийн намаас нэг тойрогт өрсөлдөж буй 2-4 нэр дэвшигч тус бүртээ сонгуулийн пиар хийхгүй. “Хаа газрын тэнэгүүд ганц ганцаараа. Хэнтийн гурван тэнэг хэлхэлдээд гэдэг” шиг л рейтинг муутай нэгийгээ ч чирээд л зүтгэнэ гэсэн үг билээ. Хоёр ЖДҮ-чинтэй хамт өрсөлд хэмээн нам нь явуулчихвал буруу харан уйлж, зөв харж инээсээр “биднийг дэмжээрэй” хэмээн хүчээр инээх ёстой болох нь. Тусгайлан мөрийн хөтөлбөр боловсруулахгүй, тус бүртээ амлалт өгөхгүй бөгөөд дөрвүүлээ нэг л мөрийн хөтөлбөрийг тухайн тойргийнхоо хаана ч очсон тоть мэт давтах учиртай гэв. Угтаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн “Улсын төсвийг 76 зүгт тараахгүй, мөнгө тарааж, царцаа нисгэхгүй” гэдгээрээ давуу талтай. Гэвч энэхүү хувилбарын ганц гялтайх зүйл нь эдгээр шалтгаанууд байх юм. Харин сөрөг талыг нь бичнэ гэвэл хэдэн хуудсаар ч бичсэн болох ажээ.  

Хар өдөр дахин давтагдахгүй гэсэн баталгаа алга 

Тухайлбал, олон мандаттай томсгосон тойргийг сонгосноор сонгогчийн санал гээгддэг асуудал гарч байлаа. 1992 онд нийт сонгогчдын 95.6 хувь нь саналаа өгөхөд зургаан хувь нь гээгдэж байжээ. Өөрөөр хэлбэл, МАН 52, ардчиллын төлөөх намууд 47 хувийн санал авсан атлаа суудлын тоо хуваарилахад 70-4 харьцаатай байсан нь дэндүү шударга бус. Мөн нэг тойрогт 70 хувийн санал авсан улстөрчийн араас 10-хан хувийн санал авсан өөр нэг улстөрч гарч ирэх ч магадлалтай. Угтаа сонгогчийн санал маш их гээгддэг учраас бухимдал, дургүйцэл дагаад бий болдгийг өнгөрсөн түүхэндээ бид дэндүү тодоор бичиж үлдээсэн юм. Тодруулбал, 2008 онд нийт сонгогчдын 76.46 хувь нь саналаа өгсөн ч мөн л санал гээгдсэн гэх асуудал гарсан билээ. Үүнийг нь эсэргүүцсэн улс төрийн намуудын дарга тэргүүтэй хэсэг хүмүүс МАХН /МАН/-ын байрны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байлаа. БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй тэмцэгчдийн эхлүүлсэн жагсаал эцэстээ зэвсэгт мөргөлдөөн болж, таван залуугийн амийг авч одсон гашуун түүх бий. Түүхэнд хараар бичигдсэн энэ өдрийн дараа цагдаагийн хэдхэн дарга хуулийн хариуцлага хүлээсэн ч буудсан, буудахад хүргэсэн хүмүүс нь уснаас хуурай гарсныг МАН-ынхан мартчихсан бол Монголын ард түмэн харин мартаагүй байна. Хэрвээ МАН дахин энэ өдрийг давтахыг хүсээгүй л бол гуравдагч хүчин болон бие даагчдын боломжийг хаадаг, хамгийн маапаантай хувилбарыг дахин сонгох нь муурын сүүлээр оролдсон хулганы үлгэртэй дүйх билээ. Төрийн ордон руугаа хутгатай нэвтрэхээс ч айхгүй байгаа хэсэг бүлгийн бухимдал 2020 оны сонгуулийн дараа дахин сэдрэхэд Ардын намынхан хамгаалж чадах уу гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр үлдэв. Мэдээж, энэ хувилбараар МАН, АН хоёр л дахиад гарч ирнэ. Хэн нэг нь олонхи болчихвол төрийн эрхээ барьж, нөгөөгөө эвсэл байгуулахаар урина. Улс төрийн гуравдагч хүчний тухай яриад ч хэрэггүй. Цөөн хэдэн рейтинг өндөртэй улстөрчид боломж олдсон ч олонхийг бүрдүүлэх хэмжээнд суудал авч чадахгүй гэсэн үг. Мөн улсын хэмжээнд нөгөөх л алдартнууд хуйгаараа дэвших боломжийг энэ тогтолцоо бий болгох нь ээ. Нэр алдартай хэнбугай ч өрсөлдөн гарч ирэх магадлалтай болно. “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэгчлэн эрдэм боловсролтой ч олонд танигдаагүй залуу үеийг бус болсон болоогүй хэдэн дуутай дуучныг, эсвэл Төв цэнгэлдэхэд тав түрүүлсэн аваргыг өрсөлдүүлчихвэл нийт массын сонголт хэн байх нь тодорхой билээ. Бөхийн өргөөнд таван удаа тоглолтоо хийчихсэн Дулмаа, Харвардад сургууль төгссөн, хуульч Доржтой өрсөлдлөө гэхэд нийт масс лавтай Харвардыг сонгохгүй нь тодорхой. Мөн “поп”-ын хаад, хатадтай өрсөлдсөн ямар ч мундаг улстөрчдөд энэхүү тогтолцоо боломж олгохгүй нь гаслантай биш гэж үү. Учир нь “Арай илүү зурагтаар харсан хүн байна, ахиад хэдэн жил харчихъя”, эсвэл эх оронч уу, эсвэл популист улстөрч үү гэдгээ ч ялгахгүй сонголт хийдэг сонгогчдын боловсрол өнөөдөр ч хэвээр учраас залуу үеийнхэн, цаашлаад гуравдагч хүчний мундаг залуус 2024 оны сонгуулийг хүлээхээс өөр аргагүй болох нь ээ. Харин намын генсекийн тайлбарласан шиг “Улс төрийн намуудаас мундаг лидерүүд ялалт байгуулж, улс орноо бүсчилж хөгжүүлнэ” гэдэг үлгэрт одоогоор лавтай Ардын намын 65, Ардчилсан намын ес л итгэж байгаа биз ээ. Үүнээс гадна мөнгө тараадаг асуудал ихэснэ үү гэхээс багасахгүй. Нэг тойрогт өрсөлдсөн нэг намын улстөрчид хоорондоо толхиролцдог, зөрчилддөг, нөгөө намынхаа улстөрчтэй хуйвалдаж, намын нөхрөө жийдэг, “поп”-ууд нь тодорч, “топ”-ууд нь арчигддаг тогтолцоог Ардын нам сонгож байна. Тулгын гурван чулуу нь замын дундаа бутран тогоо тулах чулуугүй болж, багцалж барьсан сумаараа нэг нэгийгээ харваад дуусдаг хөгтэй, хөгжилтэй жишээ олон бий шүү. 1992 оноос хойш явуулсан наймдахь удаагийн сонгуульдаа МАН-ынхан хамгийн муу хувилбарыг /гэхдээ МАН-д ашигтай/ сонгох нь тодорхой болов. Үр дүн нь харин хар өдрийг битгий давтаасай.