ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НӨХӨН СОНГУУЛЬ: МАН, АН-ын зодоон дундуур ХҮН-ынхан цойлох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын эзэнгүй орхисон тойргийг эзэнтэй болгох нөхөн сонгууль хаяанд ирээд байна. Ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд улс төрийн намууд нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх хүсэлтээ өгөх ёстой билээ. Тиймдээ ч парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намууд хөдөлгөөнд орж, хоёр тойргийн төлөө хэнийг өрсөлдүүлэх вэ гэдгээ шийдэж байна.

Тухайлбал, С.Эрдэнэ даргатай АН-ынхан нөхөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийг, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр тохироо хийжээ. СЕХ-ны тухайд О.Цогтгэрэлийн намыг хууль бус гэж үзсэн хэвээр учраас С.Эрдэний намаас өрсөлдөж буй хоёр улстөрч нь АН-ын нэрээр нөхөн сонгуульд оролцох нь тодорхой болж байна. Харин эрх баригч намын тухайд Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ыг өөртөө нэгтгэсэн өрөө төлж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарт Сонгинохайрхан дүүргийг өгсөн бол Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Идэрбатыг аймагт нь өрсөлдүүлэх шийдвэр гаргав.

Тэгвэл УИХ-д ганцхан суудалтай “Зөв хүн электорат” эвсэл эдийн засагч Б.Найдалааг Э.Бат-Үүл, Э.Батшугар нартай өрсөлдүүлэхээр илгээв. Түүнчлэн, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас Ш.Төмөрсүх, ИЗНН-аас тоймч Ш.Гантулга, “Үнэн ба зөв” намаас А.Отгонбаатар нар тус тус нэр дэвшинэ хэмээн мэдэгдээд байгаа юм. Улс төрийн намуудаас нөхөн сонгуульд хүч үзэхээ мэдэгдсэн эдгээр хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд товчхон танилцуулъя.

Н.Энхбаярын нэр хүнд үү, эсвэл Э.Бат-Үүлийн зангараг уу

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт гол өрсөлдөөн АН, МАН, “Зөв хүн электорат” эвслийн дунд явах нь тодорхой. Тэр тусмаа гол өрсөлдөөн Б.Найдалаа, Э.Батшугар хоёрын дунд явах нь ээ. АН-ынхан хоёр хуваагдсан, Э.Бат-Үүлийн нэр хүнд гэр хороололд төдийлөн сайн биш учраас зангараг заалаа ч залуу улстөрч Э.Батшугарын ард үлдэх магадлал өндөр билээ. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн тухайд Улаанбаатар хотыг удирдаж байхдаа нийтийн тээвэр, автозам, гудамж талбайн тохижилт зэрэгт олон дэвшил авчирсан гавьяатай улстөрч. Ардчиллын анхдагчдын нэг бөгөөд ардчилал, хүний эрх чөлөөний төлөө тууштай дуугарч яваа нэгэн. Гэвч гэр хорооллыг дахин төлөвлөнө хэмээн хүүгийнхээ компаниар ажил хийлгэсэн ч амжилт олоогүй, түүнээс болж сүүлийн дөрвөн жил шүүх, цагдаагийн үүд сахиж яваа юм. Э.Бат-Үүл ба түүний хүүд хууртагдсан хүмүүс Сонгинохайрхан дүүрэгт ч олон бий. Нөгөөтээгүүр өрсөлдөгч АН-ынх нь дарга О.Цогтгэрэлийн компани тус дүүрэгт байрладаг, тэдний хүмүүс эсрэг ажиллах магадлал 90 гаруй хувьтай учраас тодорч гарч ирнэ гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Э.Бат-Үүл нь физикч мэргэжилтэй. 1957 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 40 мянгатын унаган хүүхэд. Барилгын техникийн мэргэжлийн сургуульд багшаар ажиллан ажлын гараагаа эхэлж, улмаар улс төрд 31 жил зүтгэж буй улс төрийн нөлөө бүхий лидерүүдийн нэг юм.

Аавынхаа нөмөр нөөлөг, нэр нөлөөгөөр улс төрд гарч ирэх гэж оролддог ч өрсөлдөөн бүрд бүдэрч яваа Э.Батшугар энэ удаа харин том боломжоос шүүрлээ. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгоход хүч нэмсэн шагналдаа Н.Энхбаяр хүүгээ улс төрд хөтлөн оруулж, эхнэрийнхээ чин хүслийг гүйцээх эцсийн боломж энэ юм.

МАХН-ыг дэмждэг хэдэн ахмадуудын дэмжлэг У.Хүрэлсүхэд хэрэг болоогүйсэн бол Ерөнхийлөгчийн сонгууль дахих магадлал өндөр байсныг сонгуулийн дүн харуулчихсан. Тиймдээ ч засгаа тонгорч, танхимыг бутаргаж болохгүйгээс хойш мерит зарчим, улс төрийн намынхаа дүрэм зэрэг олон зүйлийг зөрчин байж Э.Батшугарт МАН-ынхан боломж олголоо. Энэ нь нам дотор өрдчихсөн байсан зөрчил тэмцлийн цучилд тос нэмсэн үйлдэл болсныг өчигдөр өдөржин бужигнасан маргаан, мэтгэлцээнээс харж болно. Тэр тусмаа МАН дотроо улам бүр хүчирхэгжиж байгаа “Сонгинохайрхан” фракци Э.Батшугарын эсрэг ажиллах магадлал тун өндөр болов. Хотын захирагч Д.Сумъяабазар, Хуульзүйн сайд Х.Нямбаатар нарын байгуулсан Сонгинохайрхан фракци танхимаас өөрийн хүнээ буюу СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг дэвшүүлсэн, тус тойрогт өрсөлдөх өндөр рейтингтэй хэмээн яригдаж байсан Ж.Сандагсүрэн мерит зарчмыг сануулж бухимдлаа илэрхийлсэн зэргээс харвал Э.Батшугар нөхөн сонгуулиар МАН-ын хүчийг ашиглах гэхээс илүү эцгийн нэр хүндээр л өрсөлдөж мэдэх нь ээ. Хэрвээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар “бууж өгч”, эсвэл том тохироо хийж бэлтгэсэн “хөл”-өө ашиглуулахгүй бол Э.Батшугар дахиад л ялагдах магадлал нэмэгдлээ. Э.Батшугарын тухайд 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Арвандөрөвдүгээр сургуульд сурч байгаад АНУ-д суралцан ахлах ангиа төгссөн бөгөөд тус улсын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр, Жи Пи Морганд санхүүгийн мэргэжилтэн, Монголбанкинд Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

АН-ын хагарал, МАН-ын фракци дундын зөрчилдөөн зэрэг олон шалтгааны улмаас хоёр нэр дэвшигчийн дундуур “гүйж” мэдэх хүн бол эдийн засагч Б.Найдалаа. Тэрбээр, Япон улсын Кобэ Их сургуулийг Хөгжлийн эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн бөгөөд улс орны хөгжлийн загварыг судлах чиглэлээр мэргэшжээ.

Сургуулиа төгссөн цагаас эхлэн ихэнхдээ банк санхүү, хувийн хэвшлийн салбарт мэргэжлээрээ ажилласан туршлагатай. “Зөв хүн электорат” эвслийн нэр хүнд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас энэ удаа түүнд боломж гарч ирэх магадлал хоёр намын зөрчил хэр их байхаас шалтгаалан нэмэгдсээр байх нь ээ. Тэгвэл “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумынх. ХААИС-ийг инженер багшийн ангид суралцаж төгссөн бөгөөд 2012 оноос улс төрд идэвхтэй оролцож, “Монголоороо” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байсан аж. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулиар төрсөн нутагтаа УИХ-д өрсөлдсөн ч ялагдсан бол 2020 онд мөн л ялагдсан. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүх нь “Американ Кола” компанийг үүсгэн байгуулж, “ТВ бинго”-ны борлуулагчаар ажиллаж байсан нэгэн билээ. 2007 оноос Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаа үүсгэн байгуулж, 2008 оноос эхлэн дөрвөн удаа УИХ-д нэр дэвшсэн ч нэг ч удаа ялалт байгуулж байгаагүй юм. Харин ИЗНН-аас нэр дэвшигч тоймч Ш.Гантулга нь нэгдүгээр сургуульд сурч төгсөөд Эрхүүгийн Политехникийн их сургуулийг Геологич, геохимич мэргэжлээр төгсчээ. Тэрбээр, ТВ9, Ийгл телевизэд гадаад мэдээний тоймчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм.

МАН Хэнтийг алдахыг хүссэнгүй

С.Эрдэнэ даргатай АН-ынхан энэ тойрогт хуучин бууны хугархай буюу Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр тохирсон. Тодорч торойж байсан цагтаа 10 гаруй жил улаарч байсан Хэнтийг цэнхэртүүлсэн Б.Гарамгайбаатарын нэр хүнд төрсөн нутагтаа одоо унаагүй хэмээн тэд сэтгэсэн бололтой. Гэлээ ч өрсөлдөгч нам нь Ерөнхийлөгчийнхөө тойргийг АН-д бэлэглэхийг хүссэнгүй.

Тиймдээ ч дөрвөн жил тойглосон тойргоо У.Хүрэлсүхийн зөвлөх гэх улс төрийн албан тушаалаар сольсон Л.Батжавыг бус Хэнтийн залуу лидер улстөрчдийн нэг болох Ц.Идэрбатад боломж олгохоор шийдсэн байх юм.

Ц.Идэрбат нь 1981 онд төрсөн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй үе тэнгийн залуу. Хэнтий нутагтаа бага боловсрол эзэмшсэн бол 1999 онд Гадаад хэлний сургуульд элсэж Англи хэлний багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрбээр, 2003 оноос эхлэн улс төрд оролцож, аймгийн намын хороонд улс төрийн мэргэжилтнээр ажиллаж байсан, намын хороог даргалах хүртлээ мерит зарчмаар өсөж өндийсөн. Хэрлэн сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан нам улс төрийн туршлагатай нэгэн аж.

Харин түүний өрсөлдөгч Б.Гарамгайбаатар нь 2012 онд Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар тус тус ажиллаж байлаа. Энэ үедээ өөрийн хамаарал бүхий “Монроуд” компани руу бондын мөнгөнөөс завшуулж, автозам барих нэрийдлээр ашигласан хэмээн дөрвөн жил шалгуулж, 2020 оны сонгуулийн өмнөхөн хэрэг нь цагаадсан билээ.