ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний мэдээллээс онцлох 20 ишлэлийг хүргэе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-01

Соёл урлаг, спортын зарим арга хэмжээг заал 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон бүх асуултад дэлгэрэнгүй хариуллаа. Түүний ярианаас онцлох 20 ишлэлийг уншигч танд хүргэж байна.

Ковидгүй зун байлгаж чадаагүй ч хатуу хөл хориогүй, вакцинтай зун байлгаж чадсан

-Өнөөдрийг хүртэл вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдаж чадаагүй, хатуу хөл хориогоо тавиагүй, эдийн засгаа чөлөөлж чадаагүй улс орон олон байгаа. Гэхдээ бид вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж чадсаны үр дүнд хатуу хөл хорионоос татгалзаж, сургуулиа нээлээ. Хатуу хөл хорио түүх болж үлдлээ.

-Вакцинжуулалт энэ хэмжээнд яваагүй байсан бол багадаа 20-40 мянган иргэнээ  халдвараар алдах байсан. Вакцинаас өөр гарц байхгүй. Вакцинтай, вакцингүй гэсэн хоёр л ялгаа хөл хорион дээр харагдсан. Манай ард түмэн "Файзер" хийлгэнэ ээ гэсэн. Одоо хангалттай байна, хийлгээд өгөөч ээ.

-Ковидгүй зун чинь яасан бэ гэж хүмүүс асуудаг. Вакцинд хамруулахын тулд Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс хийсэн аргаа барсан л үйлдэл байсан. Урлагийн тоглолтоо ч гэсэн вакцинтай хүн оруулаарай гэж суугаа нь бас л аргаа барсан л үйлдэл. Ковидгүй зун байлгаж чадаагүй ч хатуу хөл хориогүй, вакцинтай зун байлгаж чадсан.

-Монголын хувьд ч биш дэлхий нийтэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Харин өнөөдрөөс зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг заал дүүргэлт 50 хувь байхаар зохицуулалт хийж нээх шалтгаан нь вакцинжуулалт сайн байсан явдал.

.-Үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгнө.

-Соёл, урлагийн салбар, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж, нэмэлт тунг идэвхтэй хийлгэхийг иргэдэд уриалаасай гэж хүсэж байна. Зорилтот бүлгийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал “шар” түвшинд тун удахгүй шилжих болно.

-Цар тахал боловсрол, аялал жуулчлалын салбарыг маш хүнд нөхцөл байдалд оруулсан. Гадаад харилцаа, олон улсын худалдааны салбарыг ч бүхэлд нь өөрчиллөө.

-Есдүгээр сард гадаах арга хэмжээг үе шаттай нээж Цахим үндэстэн”-ээс гадна ногоо худалдаалах, номын худалдааг зохион байгуулсан. Гадаах арга хэмжээгээ зохион байгуулахдаа хэт төвлөрөл үүсгэсэнд хариуцлагын асуудлыг нийслэл болон бусад түвшинд ярьсан. Бүх арга хэмжээг нэг дор нээж чадахгүй байгаад л бухимдал үүссэн.

Цар тахал цаашдаа ч үргэлжлэх нь гашуун үнэн

-Хоёр хөрш тэр дундаа гол экспорт, импортын бараагаа авдаг, эдийн засгийн харилцааны БНХАУ-тай нөхцөл байдал амаргүй байна. БНХАУ-д өнөөг хүртэл хүчин төгөлдөр явж байгаа журмаар сүүлийн тохиолдол 0 бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хил, боомтыг нээнэ гэсэн журам улсын хэмжээнд үйлчилж байгаа.

-Тээвэр ложистикийн эргэлт 8-9 дахин буурсан нь инфляцид нөлөөлж, дэлхий дахинд ч өслөө. Хил гаальтай холбоотой зарим бараа бүтээгдэхүүний хомсдол бий болно. Гэхдээ дотооддоо гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн дээрээ шаардлагатай арга хэмжээг авах байдлаар явна. Бид махны цэгүүдийг нэмэгдүүлж, өвлийн идэшний цаг үед ченжийн зохиомол хомсдол бий болгохгүйгээр борлуулалтыг нэмнэ.

-Шатахууны үнэ дэлхий даяар өслөө. Европын холбоонд ч шатах, тослох бүтээгдэхүүнийн хомсдол үүсэж байна. Хатуу үнэ барих тусам хомсдол үүсэх эрсдэл үүсгэдэг.

-Засгийн газар, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт, гадаад яамны түвшинд бүхий л шаардлагатай арга хэмжээг авч, хамгийн хурднаараа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа. Манай улс хүнс, барааны хэрэглээндээ 12 бүлгийн 373 бараа үйлчилгээ хүлээн авдгийн 47.7 хувь нь импортоор буюу түүн дотроо 34.4 хувь нь Замын-Үүд буюу Эрээнээс орж ирдэг.

-Цар тахал цаашдаа ч үргэлжлэх нь гашуун үнэн. Гацалт бий болох үед л илүү тодоор харагддаг. Далайд гарцгүй улсын хувьд хараат байдлаас хэрхэн гарах вэ гэдэг нь цаашдын стратеги байх ёстой. Нефтийн үйлдвэр, боомт, усан цахилгаан станц барих, эрчим хүчээ дотооддоо бий болгох шаардлагатай. 2022 оны улсын төсөв ч үүнд чиглэж байна.

-Үнийн чөлөөлөлтгүй учир алдагдал ихтэй, аргалаад яваад л байна. Бодитоор гашуун үнэнтэйгээ нүүр тулаад дараагийн цаг хугацаанд ийм байж болохгүй. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын тарифыг нь чөлөөлж, бизнесийн зарчмаар хөгжүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний үнийг ирэх долдугаар сар хүртэл бариад, цаашдаа арга хэмжээ авахгүй бол энэ салбар хөгжихгүй нь ээ.

-Төрөөс мөнгө гаргахгүй байгаа бүх ажлыг бид дэмжинэ ээ. Нэг үгээр хэлбэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Боомтууд, төмөр замын төслүүдэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид нээлттэй ажиллаж болно. Хязгаарлагч хүчин зүйлийг бид авч хаяна. Тээвэр логистик, эрчим хүч, шатахуун, төрийн хүнд суртал, авлигыг байхгүй болгох чиглэлд төр мөнгө гаргана. Бусдыг нь хувийн хэвшил хийг.

Эдийн засгаа өсгөе гэчихээд хариуцах яамгүй сууна гэдэг эмгэнэл

-Бид ямар бүтцээр ажиллах нь чухал биш. Монгол Улс богино хугацаанд хөгжих л хэрэгтэй. Хөшүүн биш хөрвөх чадвартай бүтэц хэрэгтэй гэдэгт л анхаарч ажиллана. Гадаад худалдааг хариуцдаг яам өнөөдөр алга. Сангийн яам төсвөө л хариуцдаг. Эдийн засгаа өсгөе гэчихээд хариуцах яамгүй сууна гэдэг эмгэнэл. И-Монголиа төслийг хэрэгжүүлээд үр дүнд хүрсэн. Цахим яамаар орон тоо нэмэхгүй, харин ч хэмнэлт явна. Цаас үйлдвэрлэдэг ажилтан авахгүй, гар утас дээрээ компани байгуулах хэмжээнд очно.

-“Тавантолгой”, “Эрдэнэт”, “Монголросцветмет” болон цахилгаан станцууд зэрэг төрийн өмчит компаниуд байдаг. Харьяаллууд нь өөр. Тэгвэл эдгээр компаниудыг “Эрдэнэс Монгол” дээр нэгтгэнэ. Менежмент болон ТУЗ-ийн асуудлыг ирэх жил шийднэ. Тус тусдаа ТУЗ-тай, тэнд нь төрийн албан хаагчид ордог, хоорондоо уялддаггүй асуудлыг зохицуулна. Ашиггүй төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгана.

-Барууны хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орж ирсэн түүхэн үйл явдал гэдгээр Оюутолгойг үгүйсгэж болохгүй. Гэхдээ татвар дээр ашиггүй заалт санал болгож, баталснаас болж Олон улсын арбитрын шүүх дээр нэхэмжлэл явж байна. Бас зардал өсөх тусам өрөнд ороод байдаг. Монгол Улсын Засгийн газар зардал өсөх асуудалд ямар ч буруугүй. 66 хувийг эзэмшиж байгаа компаний өөрийнх нь буруу. 34 хувийг эзэмшигч Засгийн газар энд ямар ч алдаа гаргаагүй. Тиймээс үүссэн өрөө тэглэ гэж байгаа юм. Цаашдаа зардлын маргаантай асуудал үүсвэл бид хариуцахгүй. Өөрчлөгдөх тусам өрөнд орж, ашиг хүртэх хугацаа хойшлоод байж болохгүй. Үүнийг өөрчилнө гэсэн байр сууриа хатуу баримтална. Бид хөрөнгө оруулагч талд маш ашигтай шийдсээр ирсэн. Харин энэ удаа зөвшилцөл хийе гэж байгаа юм.

-Төсөв батлагдангуут УИХ-д Засгийн газраас Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хуулийн төсөл өргөн барина. Монгол Улсыг нэг айл гэж үзвэл зөвхөн гэр дотроо суугаад байж болохгүй. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого барина. Үл итгэлцэл үүссэн олон асуудлыг арилгана.

-Хүйтэнд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад нойрмоглохгүйн тулд залуураа чанга барьсаар яваад нэг мэдэхэд гар бадайрдаг мэдрэмж байдаг даа. Надад яг л тийм мэдрэмж төрж байгаа. Хэн нэгнийг Ерөнхий сайд болох цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй. Бид олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий зүгээр байсан. Харин өнөөдөр бид хөгжингүй улс орнуудтай хамт сорилтод орж байна. Энэ хүнд үед залуураа алдахгүй, машинаа хөмрүүлчихгүй өглөө болгохоос өөр арга алга. Эмоци арилдаг, тоо үлддэг шүү дээ. Би өнөөдөр ингэсэн тэгсэн гэж ярихгүй. Гэхдээ өнөөдрийн энэ явж байгаа арга хэмжээ тоо болоод үлдэх юм.