ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нүүрсний хулгай, авлигатай тэмцэж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний рейтингийг өсгөжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-23

Улс төрийн аль нэг намаас хараат бусаар улс төрийн судалгаа явуулдаг MEC судалгааны байгууллага гуравдугаар сарын дүн мэдээгээ олон нийтэд танилцуулжээ. Тус байгууллага нь сар бүр санамсаргүй аргаар түүвэрлэсэн 1206 иргэнээс тухайн сард өрнөж буй улс төрийн онцлох шийдвэр болон улстөрчийн талаар санал асуулга авч, дүн мэдээг олон нийтэд хүргэдэг уламжлалтай.

Тэгвэл гуравдугаар сарын 9-12-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан санал асуулгаар “Үйл ажиллагаа нь таалагдаж буй, улстөрч”-ийг нэрлүүлжээ. Энэхүү санал асуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 27 хувийн рейтингтэй тэргүүлж, өмнөх сарынхаас нэр хүнд нь 2 хувиар өсчээ. Удаах байранд 19 хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орсон бөгөөд рейтинг нь өмнөх сарынхтай ижил түвшинд байсан бол Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 17 хувийн рейтингийн өсөлтөөр гуравдугаарт эрэмбэлэгдэж, өмнөх сарынхаас 1 хувиар өссөн байна.

Тэгвэл Ерөнхий сайдын хийж буй ажил, гаргаж буй шийдвэрт иргэд сэтгэл хангалуун байна хэмээжээ. “Та Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үйл ажиллагаанд саналаа хэлнэ үү. 1-10 хүртэл оноо өгнө үү” гэсэн асуулгад иргэд 6.9 оноог өгсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4 хувийн өсөлттэй гарсан үзүүлэлт аж.

Иргэд сэтгэл хангалуун байгаа шалтгаанаа нэрлэхдээ,

-Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа /19 хувь/

-Намаа цэвэрлэж байгаа /18 хувь/

-Шинэ санаа, санаачилга их гаргадаг /15 хувь/

-Эдийн засгийг сэргээх бодлого /12 хувь/ хэмээн тус тус үнэлсэн бол хасах оноо өгсөн хүмүүсийн тухайд үнийн өсөлт туйлдуулж байгаа учраас энэ чиглэлээр доритой шийдвэр гаргаагүй, худлаа попорч байна, нүүрсний болон Хөгжлийн банкны хулгайч нартай тэмцэж чадахгүй байна гэж үнэлсэн байгаа юм.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас зарлаад буй авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа нь өнгөрөгч хоёр, гуравдугаар сарын онцлох үйл явдлын нэг байсан учраас энэ ажилд иргэд ямар дүгнэлт өгснийг мөн санал асуулгаар тодруулсан аж.

-2023 оныг Авлигатай тэмцэх жил болгосноор “5Ш” төлөвлөгөө хэрэгжиж эхэлснийг мэдсэн үү гэдэг асуултад иргэдийн 24 хувь нь маш сайн мэднэ, 28 хувь нь сайн мэднэ гэж хариулсан.

-Авлигатай тэмцэх 5Ш төлөвлөгөө хэр үр дүнтэй болох талаар таны байр суурь хэмээсэнд 40 хувь нь үр дүнтэй, 15 хувь нь маш их үр дүнтэй гэж үнэлсэн

-5Ш төлөвлөгөөг дэмжиж байгаа эсэхэд судалгаанд хамрагдсан иргэдийн 44 хувь нь дэмжиж байна, 17 хувь нь бүрэн дүүрэн дэмжиж байна хэмээн тус, тус хариулжээ. Харин авлигачдад хариуцлага тооцоход хэн хамгийн их саад болж буйд иргэд “Эрх мэдэлтнүүд” хэмээн эргэлзэхгүй хариулт өгсөн бөгөөд “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд өөрсдөө төрийн өндөр албан тушаалтнууд байгаа нь хариуцлага тооцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн, Иргэдийн шүүхэд итгэх итгэл суларч буй төдийгүй шүүх засаглал өөрөө албан тушаалтан, бизнесийн бүлэглэлээс хараат байдлаар ажиллаж байгаа нь хариуцлага тооцох боломжийг сулруулсан” гэж тэд дүгнэжээ.

Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал олны анхаарлыг татаж буй. Хэрвээ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэхийг ирэх дөрөвдүгээр сараас өмнө амжуулж чадаж гэмээнэ 2023 онд багтааж УИХ-ын сонгууль явагдах нөхцөл байдал ч үүсэж мэдэхээр байгаа. Тэгвэл энэ асуудлыг иргэд хэрхэн дүгнэснийг хамтдаа харцгаая.

Иргэд

“УИХ-ын ээлжит сонгуулийг 2023 онд багтааж явуулах нь зөв үү” гэдэг асуултад

-2022 оны арванхоёрдугаар сард 33 хувьтай дэмжиж байсан бол 2023 оны гуравдугаар сард энэ хүлээлт 36 хувь болж, 3 хувиар нэмэгджээ.

“Үндсэн хуульд өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүдийн тоог нэмэх” гэсэн асуултад

-2022 оны зургадугаар сард 41 хувьтай дэмжиж байсан бол 2023 оны гуравдугаар сард 41 хувьтай хэвээр байгаа ч “Дэмжихгүй” гэсэн хувь нь өмнөх оныхоос огцом нэмэгдэж 45 хувьтай болж нэмэгдсэн байгаа юм.