ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Хишигдорж: Би Б.Ганхуягт авлига өгөөгүй

O.Admin
2023-12-06

Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх "Багц 1" Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээг 2011 оноос хойш хийж буй "Хишигарвин индустрал" ХХК, "Олборлолт" ХХК нь найман удаа тендерт шалгарч, 1.4 их наядын ажил хийжээ. Тус компани 1997 онд байгуулагдсан түүхтэй. 

Мөн "Эрдэнэс Тавантолгой"-той шүүхдэлцэж, үнэ тохиролцоогүйгээс үүдсэн маргаанд ялж дөрвөн тэрбумын нөхөн олговор авсан аж. 2011 оноос хойш тасралтгүй 12 жил хөрс хуулалтын ажил хийхдээ ажил гүйцэтгэх гэрээндээ есөн удаа өөрчлөлт оруулсныг Ерөнхий захирал Б.Хишигдорж мэдэхгүй хэмээв.

Тэрбээр, Манайх уулын ажилд зөвхөн компаниараа ордог. Техник, тоног төхөөрөмжүүд илүү буюу дандаа сул зогсолттой байдаг учраас туслан гүйцэтгэгч авдаггүй. Гэрээнд яагаад есөн удаа өөрчлөлт орсон талаар би мэдэхгүй байна. Давуу эрх олгосон гэж үзэж байгаа бол шалгаад өгөөч. Би шалгуулах гэж орж ирлээ. Манайх тендерт ялаад, 2013 онд дөнгөж ажлаа эхлээд, нүүрсээ гаргаад явж байлаа. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайн үеийн удирдлагууд “Нүүрсээ яаралтай гаргахгүй бол болохгүй боллоо. Танайх ажлаа эхлүүлэх үү” гэсэн. Бид ажлаа хийсэн ч үнэ тохиролцохгүй асуудлаас үүдэж шүүхэд өгөөд ялсан. Гэхдээ таван жилийн хугацаа алдаж, маш их алдагдал хүлээсэн" гэв.

"Хишигарвин индустрал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж, түүний хүү Х.Батхишиг нарыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт авлига өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Режис Палас" гэх өөрийн эзэмшлийн барилгаасаа худалдаа үйлчилгээ, ресторан, спорт чиглэлийн хэд хэдэн орон сууцыг Б.Ганхуяг болон түүний эхнэр П.Бадамханд нарт авлига хэлбэрээр өгсөн хэмээн шалгаж буй билээ. Харин Б.Хишигдоржийн тухайд "Намайг нэг л удаа дуудаж байцаалт аваад та өөр юм ярихгүй шүү гэсэн. Дахиж дуудаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй учир илүү мэдээлэл өгөхгүй. Гэхдээ би авлига өгөөгүй" хэмээн ярихаас татгалзлаа.