ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ямбыг нь ТӨБЗГ эдэлж, ялыг нь яам үүрэх нь ариун явдал уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-20

Төрийн өмчөө манаж, тэд­нийг ашигтай ажиллуулах үүрэг хүлээсэн ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй Төрийн ор­донд муудалцсан бичлэг соошл орчинд өндрөө авчээ. Манай төрийн албан хаагчид ийм “гоё”. Энэ улсад уул нь юмс гольдирлоороо явдаг бол өмчийнх нь нэг компани хариуцлага алдсан явдалд айж эмээдэг, эс бөгөөс Эрчим хүчний сайдтайгаа зэрэгцэж суугаад уучлалт гуйх ёстой юмсан. Гэтэл төрийн өмчийг манана аа, аюулгүй байлгах талаас нь анхаарна аа гэж ажил авсан “хурган” даргад тийм ёс зүй алга. Тэд ингэж л даам гарчээ. Монгол Улсын эрчим хүчний салбарыг удирд гэсэн үүргийг дэгсдүүлж хэлбэл ард түмнээс, наашлуулж ярьвал УИХ-аас авсан сайд ч манай Ц.Ням-Осор даргад жижигдэж байна гээд бод доо. Бид тэднийг ингэж давраажээ. Эрчим хүчний салбарт ар араасаа осол аваар гарч байна.

Зарим дарга нь авлигын хэргээр шалгуулаад бүтэн жил компани нь эзэнгүй байлаа. Бүр нэг инженерийн алдаанаас болж улс даяараа хөлдөх аюул хаяанд ирчихээд байгааг есдүгээр сарын 15-нд “ТЭЦ-4”-д гарсан аваар харуулчихав. Гарсан алдааг харин хүлээх хүн олдохгүй, гар дамжуулан бөмбөг шиг шидэлцэж, хариуцлага тооцох хүнээ ч олохгүй л манарч байна даа, манайхан. “Чи хүндээ тооц, чи өөрөө тооц” гэсэн хөгтэй маргаан хийгээд л. Манай “гоё” дарга хариуцлагаас зугтаж, сайд нь аргаа барахдаа өмнөөс нь уучлалт гуйж ч байх шиг. Байх ёстой зүйлс хэм хэмжээнээсээ давсныг энэ үйлдэл харуулж байна, нуух юм алга. Яахаараа эрчим хүчний салбар нь хариуцлага алдаж байхад Ц.Даваасүрэн сайд өөртөө хамааралгүй гэж зүтгээд байна вэ гэж уншигч та гайхаж магадгүй юм. Тэгвэл сайдын жиргээ энд товч бөгөөд тодорхой хариулт өгчихнө. Ц.Даваасүрэн сайд “Эрчим хүчний компаниудын удирдлагуудыг томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт байдаг” хэмээн жиргэжээ. Мөн өнгөрөгч даваа гарагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон ҮАБЗ-ийн эрчим хүчний аюулгүй байдал хариуцсан референт Б.Баттулга “Мэргэжлийн сал­бар нь мэргэжлийн бай­гуул­лага өөрийнхөө хү­мүү­сийг томилж, чөлөөлж, байршуулж, чадавхжуулж, сургаж давтан сургах асуудал нь байхгүй болсон.

Хуучин бол Эрчим хүчний яам, Сангийн яам, Төрийн өмчийн хорооны төлөөлөлтэй байдаг байсан. Сая 2016 оноос хойш Төрийн өмчийн хороонд ерөнхийдөө төрийн өмчит төлөөллийг 100 хувь томилох, чөлөөлөх асуудал нь байдаг. Салбарын сайд санал болгодог байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг нь харах юм бол есөн гишүүнтэй. Эндээс гурван гишүүн нь хараат бус. Хоёр нь Төрийн өмчийн хорооны гишүүн байна. Хоёр нь Эрчим хүчний яамны гишүүн байна. Хоёр нь өөр бусад төрийн байгууллагуудын төлөөлөл. Ингэхээр эндээс есөн гишүүний хоёр нь л Эрчим хүчний яамны мэргэжлийн хүн байна. ТУЗ дээр олонхиор шийдвэр гаргана” хэмээн ярьжээ. Өөр нэг жиргээчийн бичсэн зүйл мөн л анхаарал татах сэдэв байх юм. Тодруулбал, Эрчим хүчний эдгээр төрийн өмчит компаниудын дарга нар сайдынхаа шуурхайд огт суудаггүй гэнэ лээ. Харин Төрийн өмчийн хороонд хурал зарлахаар тоо бүрэн, толгой мэнд жагсаж байдаг сурагтай. Учрыг тодруулахаар, “Бид­нийг томилсон газар нь ТӨБЗГ шүү дээ. Томилсон даргадаа үйлчилнэ” гэсэн хариулт өгдөг гэх. Муухан хошин шог цаашаа байгаа биз. Ингээд л аваар осол гарахаар Эрчим хүчний яам буруудаж, алдар нэрээ дуудуулах болохоор Төрийн өмчийн хороо түүний харьяанд байдаг компаниуд мандаж, магтан дуулуулна.

Дарга нар нь сайдаасаа давсан цалин, хэдэн тэрбумын хаусанд сууж ямбалдаг байдлаар энэ хүртэл явав. Харин хэм хэмжээг нь мэдрүүлэх гэж зүтгэсэн, ялыг нь үүрүүлэх гээд байгаа бол ямбыг нь хамт эдлэх талаар санал гаргасан сайдыгаа мөнгөтэй компаниуд нь нийлж байгаад баахан гөвшлөө. Арван хувийн Ц.Даваасүрэн туслахдаа төв байгуулж өгчээ л гэнэ. Ажлаа мэдэхгүй сайд салбарыг самарч дууслаа, Оюутолгойгоос өөр мэдэх сэдэвгүй гэх мэтээр дайрч болох бүх л сэдвээр тэд муулж байна. Зангарагтай гэх үү, занхайсан гэж дүгнэх үү. Тэр ч байтугай “Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Засгийн газрын 80 дугаар тогтоолын холбогдох яамдын саналыг үндэслэн ЗГХЭГ-тай зөв­шилц­сөний үндсэн дээр ТӨБЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэдэг. Эрчим хүчний салбарын 22 компанийн 18 компанийн ТУЗ-ийн дарга нь Эрчим хүчний яам, дөрөв нь ТӨБЗГ-ын албан хаагчид байна” гэсэн мэдэгдэл гаргалаа, Ц.Ням-Осор дарга. Хар ухаанаар дүгнэвэл, “Ц.Даваасүрэнгийн томилсон 18 дарга байгаа шүү. Тэр өөрөө хариуцлагаа ярьж, хэнийг ажлаас чөлөөлөх вэ гэдгээ шийдэх ёстой гэсэн хариу няцаалт хийсэн гэсэн үг л дээ. Ял, ямба хоёрыг нь яам хариуцах ёстой” гэж үзэж байгаа бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо гэж байх хэрэг байгаа гэж үү.

Ганц эрчим хүчний салбарт ч бус бусад салбарт ч төрийн өмчийн компаниуд хэтэрхий дураар дургиж байгаа. 200 сая төгрөгийн үнэтэй машин хоорондоо бэлэглэж, хувийн хэвшлийн худалдаж авсан хувийг хуурамч бичиг баримт бүрдүүлээд л булааж суудгийг “Эрдэнэт” үйлдвэрийн мар­гааны үеэр хангалттай ярьсан, сонссон. Тиймээс салбарын компаниудыг сайдад нь хариуцуулаад, тэнд сайдын тушаалаар дарга нь очдог, өглөөний шуурхай дээр цуглаж байгаад өвөлжилтийн бэлтгэл ажил, тэг зогсолт, осол аваарийн буруутнаа олдог болчихвол бүх зүйл “окей” болно. Буух эзэн буцах хаягтай ч болно гэсэн үг. Өнөөдрийн бодит байдлаас харвал ямбыг нь ТӨБЗГ эдэлж, ялыг нь харин Эрчим хүчний яаманд үүрүүлчихээд зугтах гэсэн явуургүй үйлдэл л нүдэнд харагдаад болдоггүй ээ. Энэ ариун явдал уу. Цааш цаашдаа сайд нь хүнээ томилдог, компаниуд нь яамныхаа удирдлага дор ажилладаг болчихвол юмс гольдрилдоо орж, яамны сайдыгаа “хурган” дарга нь зодох шахам загнаж зогсдог буруу жишиг алга болох учиртай юм. Зам тээвэр, эрчим хүч, уул уурхай гэх мэтээр олон ч салбарт энэ мэт завхрал амь бөхтэй байгаа учраас төрийн өмч өдрөөс өдөрт үнэгүйдэж, ашиггүй ажиллаж, харин тэнд очсон даргын амьдралд нүдний өмнө дээшилж, дэвждэг буруу жишиг тогтчихоод байна даа.